/2021.09.02/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын онцгой комиссын шийдвэрээр "ковид-19" халдвар авсан иргэдийн нэрсийг сумын фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээлжээ.
Тиймээс хүний нэр төр, халдашгүй байдал, хувийн нууцад халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байна.
Тодруулбал, Энэ оны долоодугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд "ковид-19" халдвар авсан 35 иргэний талаарх мэдээллийг байршуулжээ. Мөн тусгаарлалтад байгаа иргэдийн нэрсийг тодруулж тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулсан байна.
Түүнчлэн тус аймгийн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд мөн тусгаарлалтад байгаа иргэдийн байршлыг оруулж, нийтэд тэдний мэдээллийг цацжээ.
Энэ дагуу коронавируст халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллах талаар Комиссын гишүүн Хөвсгөл аймгийн засаг даргад шаардлага хүргүүлэн арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс