/2021.08.31/ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-аас Монгол Улсаас гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарт зориулсан уулзалтыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгууллаа.
Уулзалтад гадаадын 21 улсад суухаар томилогдсон Элчин сайд нар, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх гарц, худалдаа, экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Худалдааны салбарын өнөөгийн байдлаас харахад худалдааны асуудлыг хариуцсан институцтэй байх, худалдааны хууль эрх зүйн орчныг сайжруулах, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах шаардлага байна.
Монгол Улсын эдийн засгийг эрчимтэй өсгөх, түүний дотор жижиг дунд бизнесийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, мөн уламжлалт бус экспортыг дэмжих нь чухал" гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр эдийн засаг, бизнес, худалдааны салбарт цар тахлын улмаас бий болсон сорилт бэрхшээлийг даван туулах өнөөгийн онцгой нөхцөл байдалд энэхүү уулзалтыг хийж байгаа нь чухал ач холбогдолтой гэлээ.
Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Дарга Т. Дүүрэн “Уул уурхайн бус экспортыг дэмжих боломжууд”, Монголын Махны Холбооны гүйцэтгэх захирал Б. Очирбат “Махны экспортын өнөөгийн байдал” сэдвээр ярилцлаа.
Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б. Ариунаа “Ноос, ноолуурын экспортын өнөөгийн байдал” сэдвээр тус тус танилцуулга хийж, Элчин сайд нарт мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим