/2021.08.31/ “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалтад гадаад, дотоодын 180 гаруй төлөөлөгч оролцох аж.
Тиймээс ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран Архангай аймагт ирэх есдүгээр сарын 12-24-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага, сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийн үргэлжлэл бөгөөд 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
“Говийн чоно” сургалт, дадлагад 2017 онд 13 улс, 2018 онд 16 улс, 2019 онд 21 улс орны төлөөлөл оролцож байсан. Энэ жилийн хувьд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан зөвхөн АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих баг оролцохоор болоод байна.
Сургалтад Өмнөд бүсээс Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын төлөөллүүд оролцох ажээ.
Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь дараах байдлаар явагдах ажээ. Үүнд,
1. Гамшгийн удирдлага
2. Команд штабын дадлага
3. Өндрөөс аврах олсны сургалт
4. Давчуу орон зайнаас аврах ажиллагаа
5. Нурангинаас аврах ажиллагаа
6. Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа
7. Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилалт
8. Олон нийттэй харилцах
9. Хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг
9. Дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр явагдах юм.
Эх сурвалж: ОБЕГ