/2023.02.03/: Амны хөндийн эрүүл ахуй нь нэг талаас гоо сайхны асуудал мэт боловч нөгөө талаас биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлөгч томоохон хүчин зүйл болдог.
Нас залуу байхын хэрээр эрүүл мэнддээ анхаардаггүй, энэ талын мэдлэггүйн улмаас хорт хавдар, зүрх судас, бэлгийн сулрал, амьсгалын замын өвчнөөр өвчилж буй залуучуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж буйг эмч нар анхааруулж байна.
Эр цэргийн албанд татагдан ирсэн залуучуудын 80-85 хувь нь амны хөндийн ямар нэг өвчлөлтэй буюу 2-3 шүд цоорсон, ёзоор үлдсэн, үрэвссэн зэрэг шалтгаантай байна. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амны хөндийн эрүүл мэнд” аяныг он гарсаар хэрэгжүүлж эхэллээ.
Томилгоот эмч нар хугацаат цэргийн хаагчдын амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнээс гадна байнгын бүрэлдэхүүнд “Амны хөндийн өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл”, “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх”, “Шүд цоорох шалтгаан”, “Шүдийг хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байна.
Эх сурвалж: БХЯ