/2021.08.30/: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх "Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.
Тус хөтөлбөр нь инновацийн тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээ шаардлагыг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой юм.
Түүнчлэн санхүүгийн болоод үйл ажиллагааны тал дээр тогтворжих, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг суулгахаар зорьж байна.
Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд материалыг энэ сарын 30-наас эхлэн есдүгээр сарын 6-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна. Шалгаруулалтын хувьд I шатанд онлайн форум, II шатанд ярилцлага хэлбэрээр явагдах юм.
Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:
- Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх
- Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаанд мөрдөх болон хоёр сар тутмын үйл ажиллагаанд хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх
- Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдлаа тодорхойлсон байх зэрэг шаардлагуудыг тавьж байна.
Инкубатор хөтөлбөрт бүртгүүлэхдээ http://bit.ly/36HLBSs холбоосоор орно уу.
Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/BayankhoshuuinnovationCenter хаягаас авах боломжтой бөгөөд 70111299, 95563051 утсаар холбогдон авах боломжтой юм.
Эх сурвалж: НШУҮИГ