/2021.08.30/
Таван Толгой Түлш ХК сайжруулсан түлшээ гурав дахь жилдээ борлуулах бэлтгэлдээ орсон байна.
BURTGEL.TTT.MN сайтаар сайжруулсан түлшийг борлуулах хувь хүн, албан байгууллагыг бүртгэж авна. Бүртгэл есдүгээр сарын 3-ны 18 цаг хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн жил 500 орчим гэрээт цэг борлуулалтын цэг сайжруулсан түлш борлуулжээ. Энэ жил 600 цэгт борлуулалт хийхээр төлөвлөж байна гэв. Энэ жил нийслэлд 50 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөхөөр төлөвлөснөөс одоогоор 28 мянга орчим тонн нүүрс нөөцөлсөн байна.
Өнгөрсөн жилүүдэд сайжруулсан түлш борлуулсан хүмүүсийн алдаа дутагдлыг энэ жил давтахгүй байх тал дээр зохицуулалт хийж өгсөн. Түлш борлуулах иргэд:
- "Тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй байх,
- Өөрийн нэр дээрх хашаан дээр түлш борлуулах гэрээг байгуулах,
- Нийтийн эзэмшлийн талбайд худалдаа эрхлэх гэж байгаа бол дүүрэг, хороодоос зөвшөөрөл авах шаардлагатай юм." хэмээн "Таван толгой түлш ХК"-ий хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь мэдэгдлээ.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Борлуулагчаар ажиллах хүсэлт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй гэх тодорхойлолт /и-монголиа аппликэйшнээс авах боломжтой/
- Түрээслэгчээс авсан худалдаа эрхлэх зөвшөөрөл
- Борлуулалтын цэгийн байршил /Гүүгл газрын зургаар/
- Борлуулалтын цэгийн орц гарцыг тодорхой харуулсан зураг.