/2021.08.30/: НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис даргалж, Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.
Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувь илүү хурдтай тархах магадлалтай тул батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал, гэрийн тусгаарлалт, хяналт, гэрээр эмчлэгдэх иргэдийн тоо ихсэх нь зайлшгүй. Иймд тандалт, хариу арга хэмжээнд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, ажиллах хүн хүч болон бусад зардалтай холбоотой асуудлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан юм.
Мөн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ, багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын дадлага сургалтын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ гэдгийг онцоллоо.
Хурлын төгсгөлд НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис холбогдох албан тушаалтнуудад хэлэлцсэн асуудалтай уялдуулж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул тандалт хариу арга хэмжээ, хүн хүчний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн шуурхай штаб, Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багийн гишүүд, эмч нарын судалгааг гаргаж ГЭРЭГЭ системд нэвтрэх эрх олгон, сургууль, цэцэрлэг бүрийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдал хангагдсан эсэхэд хяналт шалгалт зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор мэдээлэхийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагад үүрэг болголоо.
Эх сурвалж: ulaanbaatar.mn