/2021.08.30/ Өнөөдөр нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбараас шүүх, цагдаа, эмнэлгийн байгууллагуудыг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж байгаа юм байна.
“Папилон-7” систем нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн байна. Тодруулбал, хурууны хээний нэг хэсгийг уншуулахад л таних боломжтой аж.
Үүнийг гэмт этгээдийг илрүүлэх, эрэн сурвалжлах, хэн болох нь тодорхойгүй цогцсыг таньж тогтоох зэрэгт ашиглах юм. Ингэснээр гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа ажээ.
ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “Гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний байгууллагын ажил, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс Шүүхийн шинжилгээний газар өнөөдрөөс ОХУ-ын гарын хээний автомат харьцуулалтын системийг ашиглаж байна. Энэ бол дэлхийн улс орнуудын хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт систем. Ингэснээр шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 100 хувь үнэн зөв нотлох боломжтой боллоо” хэмээв.
Эх сурвалж: citycouncil.mn