/2021.08.30/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг оюутан, сурагчдад нэрэмжит тэтгэлэг олгох, урамшуулж байх тухай зарлиг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагчдад нэг удаагийн урамшуулал олгох, улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмж олон улсын ангилалтай уялдуулан зохион байгуулах, хүүхэд бүр оролцох тэгш боломжийг бүрдүүлэх, сурагчдыг бэлтгэж оролцуулах багш нарыг дэмжих, шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангах, Олимпиадыг зохион байгуулах хорооны тогтвортой үйл ажиллагааг дэмжих зэргийг тусгажээ.
Энэ нь монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих, сурагчдыг олимпиадад оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны наймдугаар сарын гуравны өдөр Олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн. Энэ үеэр “Оюун ухааны олимп гэгддэг олимпиадад оролцож амжилт гаргасан хүүхдүүдийг төр, засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд зарлиг гаргана” гэдгээ хэлж байсан.
Монгол Улсын баг сүүлийн таван жилд Олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас 52 медаль авсан байна. 2021 онд гэхэд л математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, физикийн олимпиадаас хоёр хүрэл, мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгө, химийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл, биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл, нийт 15 медаль буюу түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ.
Багийн амжилт тогтвортой өсөж, дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас бодлогоор дэмжих, урамшуулах, хүртээмж, тэгш боломжийг хангах нь зүйтэй гэж үзжээ.