/2022.12.20/: Тайландын байлдааны 105 хүний бүрэлдэхүүнтэй HTMAS Sukhotai хөлөг онгоц далайн шуурганы улмаас ням гарагийн орой хөмөрсөн байна.
Тус хөлгийг живсний дараа ор сураггүй алга болсон 30 далайчныг хайх ажил хоёр дахь өдрөө үргэлжилж аврагчид Тайландын буланг самнаж байна.
Амьд үлдсэн хүмүүсийг хөлөг хөмөрснөөс хойш хэдэн цагийн турш шумбасны эцэст олсон бөгөөд зарим нь ухаангүй байдалтай байгаа гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Аврагчид завь, нисдэг тэргээр ширүүн давалгаатай тэнгист хайгуул хийж одоогийн байдлаар 75 хүнийг авраад байна.
Даваа гарагийн орой Тайландын тэнгисийн цэргийн командлагч "Бидэнд тэдний амийг аврахад 48 цагийн хугацаа байна" гэж мэдэгджээ.
Багийн гишүүдийн гуравны нэг нь сураггүй байгаа тул Тайландын тэнгисийн цэргийн болон Агаарын цэргийн хүчин мягмар гарагт дөрвөн тэнгисийн цэргийн хөлөг онгоц болон хэдэн зуун офицер, мөн хэд хэдэн нисдэг тэргээр 50 хавтгай дөрвөлжин км талбайг самнаж эрэл хайгуулаа үргэлжлүүлж байна.
HTMS Крабуригийн ахмад Крапич Корави-Папарвит Ройтерс агентлагт "Бид энэ залууг аврах хөвүүртэй хөвж байхад нь олсон... тэр 10 цагийн турш усанд хөвсөн. Гэсэн ч тэр ухаантай хэвээр байсан тул бид түүнийг уснаас аюулгүй гаргаж чадсан. Одоогоор тэрээр далайн усанд хордсоны улмаас толгой нь бага зэргийн шархтай, нүд нь өвдсөн байдалтай байна" гэв.
Тэнгисийн цэргийн флотын твиттер хуудсанд нийтэлсэн зураг, бичлэгт олон арван амьд үлдэгсдийг хөнжилд ороож, эмнэлэгт хүргэсэн байгааг харуулж байна. Мөн хэд хэдэн хүнийг дамнуургатай аврах хөлөг онгоцноос буулгасан байна.
Усан онгоц ямар шалтгаанаар усанд автсан, далайчид яагаад ус руу үсрэхээс өөр аргагүй болсон нь одоогоор тодорхойгүй байна. Тайландын тэнгисийн цэргийнхэн ийм нөхцөл байдалд анх удаа хөлөг онгоцоо алдсан гэж мэдэгджээ.
Уг байлдааны хөлөг онгоцыг 1987 онд ашиглалтад оруулсан бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүрээлэнгээс мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ВВС