/2021.08.26/ Андлалын хөшөөг тойрсон маргаан хөшөөг нурааснаар үргэлжилж байна.
Алсын хараа 2050 хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймагт Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн. Гэсэн хэдий ч энэ цогцолборын анхны бүтээн байгуулалт Андлалын хөшөө нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар доорх мэдэгдлийг хийж байжээ.
"Би энэ төслийг яагаад явдаггүй юм бол гэж их гайхдаг байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд уг төсөлд зориудаар саад учруулж буй хүмүүс байна. Тухайн хүмүүсийн нэр төрд халдаад яахав. Хэрэв цаашид ийм зүйл гарвал хэвлэлийн бага хурал хийж уг хүмүүсийн нэрийг зарлана. Чингис хаантай холбоотой уг бүтээн байгуулалт бол Хэнтий аймаг юмуу Монгол Улсын асуудал биш. Энэ бол дэлхийн асуудал. Хоёрхон мянган жил байгаа. Нэг мянган жилийнх нь суут хүн.
Үүнийг өөрсдөө санаачлаад явахын оронд төсөлд саад учруулж байгаа нь түүхийн өмнө, төрийн эсрэг гэмт хэрэг хийж байна гэж үзэж байна. Чингис хаантай холбоотой ийм том төслийг нэг гишүүний нэрээр нэрлэх эсвэл хийх гэж оролдсон сайдын нэрээр нэрлэхээр жижиг сэтгэж болохгүй. Маш олон жил ярилаа. Чингис нэрээр бонд хүртэл гаргаад үрсэн биз дээ. Өнөөдөр бидэнд өгсөн энэ бүх зүйл бол түүх. Өөрсдийн түүхдээ хөрөнгө оруулалт хийчихье гэхээр яагаад болж бүтэхгүй талаас нь хараад байгааг ойлгохгүй байна.
Энэ бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Тиймээс цаашид энэ төсөлд саад учруулж буй хүмүүстэй хатуу тэмцэнэ" хэмээн тухайн үед мэдэгдэж байжээ.
Түүний хэлсэнчилэн энэ асуудлыг эсэргүүцэн хөшөөг нураахад хүргэсэн хүмүүсийн нэрсийг өнөөдөр зарлахуу гэдэг асуулт хэвээр байна. Өнөөдөр энэ асуудлаар Засгийн газар түүнийг төлөөлөн БОАЖЯ наас албан ёсны мэдээлэл өгөх юм.