/2022.12.07/: Индонезийн парламент тус улсад гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орохыг хориглож, улс төрийн эрх чөлөөг хязгаарласан эрүүгийн шинэ хуулийг баталлаа.
Гурван жилийн дараа хэрэгжиж эхлэх шинэ хуулиар гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орох нь нэг жил хүртэлх хорих ялтай байх аж.
Шүүмжлэгчид энэ хуулиудыг хүний эрхийн "гамшиг" гэж үзэж байгаа бөгөөд аялал жуулчлал, хөрөнгө оруулалтад ихээхэн хохирол учруулж болзошгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү хуулиар Индонезид амьдардаг, эсвэл Бали зэрэг амралтын газруудаар зочилж байгаа дотоодын болон гадаадын иргэдэд адилхан хамаарах юм. Хуулийн дагуу бэлгийн харьцаанд орсон гэрлээгүй хосууд нэг жил хүртэл хорих ялаар шийтгэгдэнэ. Мөн гэрлээгүй хосуудыг хамт амьдрахыг хориглосон байна.
Энэ долоо хоногт Жакарта хотод парламентын гадаа голдуу залуучуудаас бүрдсэн хэд хэдэн бүлэг хууль тогтоомжийг эсэргүүцэн жагслаа.
Шинэ эрүүгийн хууль батлагдахаас өмнө тус улсад гэрлэхээс өмнө бэлгийн хавьталд орохыг хориглосон байсан ч хуулиар зохицуулагдаагүй байжээ.
Хуучин хуулинд садар самуун гэх тодорхойлолтод гэрлэсэн эрэгтэй эхнэрээсээ өөр хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орох гэж тодорхойлсон бол шинэ хуулиар гэрлээгүй хосуудын хооронд ч гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орохыг хориглосон байна. Мөн хуулийг зөрчсөн хүмүүсийн ялыг есөн сараас нэг жил болгон нэмэгдүүлсэн байна.
Яллагдагчаар татах гомдлыг хосын хүүхдүүд, эцэг эх, эхнэр, нөхөр гээд аль нь ч гомдол гаргах эрхтэй байх аж.
Уг хуулийг эсэргүүцэж буй нэгэн иргэн, "Гэр бүл болоогүй байхдаа хамт амьдрах, бэлгийн харьцаанд орох нь гэмт хэрэг биш гэж би боддог. Миний шашинд энэ нь нүгэл гэж тооцогддог хэдий ч эрүүгийн хуулийг тодорхой шашинд үндэслэх ёсгүй гэж бодож байна" гэв.
Эх сурвалж: ВВС