/2022.12.06/: Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын талаар Алжазир агентлагийн бэлтгэсэн мэдээг орчуулан хүргэж байна.
Хүйтний эрч чангарсан энэ үед "Монголын нийслэлд олон мянган хүн нүүрсний салбар дахь авлига, инфляцийн өсөлтийг эсэргүүцэж жагсаж байгаа бөгөөд, зарим нь засгийн газрын ордон руу дайрахыг оролдсон байна.
Даваа гарагт Улаанбаатар хотын Сүхбаатарын төв талбайд -21 хэмийн хүйтэн байхад жагсагчид авлигачдын эсрэг “шударга ёс тогтоохыг” шаардаж, парламентыг огцруулахыг шаардсан бөгөөд жагсагчдын олонхи нь залуучууд байв.
Тэд "Манай улс сүйрч байна" гэх лоозонг барьжээ. Мөн жагсаалд оролцохоор зарим малчид хотыг зорьж байгаа аж.
Улаанбаатар дахь Чех улсын тусламжийн бүлгийн захирал Жана Зилкова "Монголчууд эдийн засгийн хувьд маш хүнд байдалд байна" гэж Аль Жазира агентлагт ярьжээ.
Нүүрсний салбартай холбоотой хууль тогтоогчид олон тэрбум ам.доллар хулгайлсан гэх мэдээлэл нь иргэдийн дургүйцлийг нэмэгдүүлсэн байна.
"Улс орны баялгийг иргэн бүрт тэгш хувиарлана гэж Засгийн газраас амласан учраас хүмүүс бухимдаж, уурлаж байна" гэж Зилкова нэмж хэлэв.
Цагдаа нар орон нутгийн цагаар 21:00 цагт жагсаалыг тараахыг оролдсон боловч зарим жагсагчид Засгийн газрын ордон руу хүчлэн орж, хаалтуудыг нурааж, цонхыг хагалсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Өнгөрсөн сард Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас нүүрсний уурхайн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал тэргүүтэй 30 гаруй албан тушаалтныг хөрөнгө шамшигдуулсан хэргээр шалгаж байгаа талаар мэдээлсэн.
Тус компани нь Монгол Улсын төсвийн орлогын гол бүрэлдэхүүн хэсэг болох 7.5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Эрдэнэс Тавантолгойн ордыг хянадаг юм.
Холбогдох хууль тогтоогчид нүүрсний уурхайнууд болон БНХАУ-ын хилээр нүүрс тээвэрлэдэг компаниудын өмчлөлийг ашиглан хууль бусаар ашиг олсон гэж үзэж байна.
Монгол Улс экспортынхоо 86 хувийг Хятад руу гаргадаг бөгөөд нийт экспортын талаас илүү хувийг нүүрс эзэлдэг байна. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг нь уул уурхайгаас бүрддэг.
Жагсагчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан ёсны өргөө болох Их тэнгэр рүү жагсахыг завдсан бөгөөд “цагдаагийн хамгаалалт тэднийг зогсоосон” гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: Aljazeera