/2022.12.06/: ОХУ-ын найм дахь удаагийн пуужингийн довтолгоо Украины нутаг дэвсгэрт цохилт өглөө.
Довтолгооны улмаас зүүн зүгийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд ихээхэн хэмжээний саатал гарсан байна. Өмнөд хэсэгт Одесса цахилгаангүй болсон бөгөөд довтолгооны улмаас дөрвөн хүн амиа алдсан гэж мэдэгдлээ.
Украин Оросоос харвасан 70 пуужингийн 60-ыг нь устгасан гэж мэдэгдсэн бол Москвагийн зүгээс халдахаар төлөвлөсөн 17 байдаа бүгдэд нь цохилт өгч чадсан гэж мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський даваа гарагийн орой "Оросууд хөрш Молдавын цахилгаан эрчим хүчний хангамжид мөн цохилт өгсөн. Ингэснээр Орос улсын террорист халдлага үйлдэх чадвар нь зөвхөн Украинд төдийгүй манай бүс нутагт аюул учруулж байгааг дахин нотолж байна” гэжээ.
Оросын дайралтын улмаас Украйны эрчим хүчний сүлжээ ихээхэн хохирол амсаж, өвөл болж байхад олон сая хүн цахилгаан, дулаангүй болоод байгаа юм.
Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрладаг хоёр агаарын баазад хэд хэдэн дэлбэрэлт болсонд Украйныг буруутгаж байгаа аж.
Дэлбэрэлтийн улмаас гурван цэргийн албан хаагч амиа алдаж, хоёр нисэх онгоц бага зэрэг гэмтсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Оросын хамгийн сүүлийн цохилтуудын олныг гайхшируулсан явдал нь Иранд үйлдвэрлэсэн "камикадзе" нисгэгчгүй онгоцуудыг ашиглаагүй явдал байв.
Украины албаныхан Орос нисгэгчгүй тээврийн хэрэгсэл худалдан авахаа саяхан дуусгасан гэсэн бол өөр цэргийн албан тушаалтны хэлснээр, хүйтэн цаг агаарын улмаас дрон нисгэх боломжгүй байна хэмээн таамаглажээ.
Ямар ч байсан Оросууд уг дроныг 11 дүгээр сарын дундаас хойш ашиглаагүй бололтой.
Орос Украины эрчим хүчний сүлжээнд өргөн цар хүрээтэй, зохион байгуулалттай довтолгоог аравдугаар сарын 10-наас эхлүүлсэн. Үүнээс хойш тус улсын эрчим хүчний дэд бүтцийн тал орчим хувь нь эвдэрч, өвлийн температур тэгээс доош бууж байхад сая сая Украинчууд цахилгаангүй хэвээр байна.
Украины эрчим хүчний сүлжээнд халдсан нь дайны гэмт хэрэг мөн үү?
Барууны зарим удирдагчид иргэний дэд бүтцэд асар их хохирол учруулсан тул стратегийг дайны гэмт хэрэг гэж нэрлэжээ.
Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх тактик нь цэргийн тодорхой давуу тал олж авахын оронд хүн амыг мохоох, айдас төрүүлэх зорилготой гэж шинжээчид ВВС-д мэдэгджээ. Энэ нь Женевийн конвенцид нэмэлт I протоколд заасан олон улсын эрх зүйг зөрчсөн хэрэг болж байна гэв.