/2022.11.30/ "Баригдаж буй барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа” гэх дуудлага өчигдөр өдрийн 12:39 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу очиж шалгалтын ажиллагаа явуулсан байна. Ингэхэд Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн "Хурд" группийн захиалгаар баригдаж буй "Хүннү-2222" хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан цахилгаан шатны хонгилоос унаж нас барсан нь тогтоогджээ. Тус барилга нь шинээр баригдаж буй тул цахилгаан шатыг суурилуулаагүй байсан ажээ.
Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна гэв.