/2022.11.25/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Газрын тухай багц хуулийг хэлэлцэж байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-БОАЖЯ-наас Богдхан уулын дархан цаазат газарт газар олгосоор ирсэн. Өнөөдрийн байдлаар нийт 72 удаагийн тушаалаар 150 нэгжийн газрыг цуцалсан байна. Мөн цаашид газар олголтыг цуцлах ажиллагааг эрчимтэй явуулна. Өнөөдрийн байдлаар Нүхтийн ам, Залаатын зүүн богины ам, Шажин хурахын ам гэх мэт газруудад газар олголтыг бүр мөсөн зогсоогоод байна. Хилийн цэстэй холбоотой асуудлууд бий.
Богдхан ууланд бид 5,594 га газраар хамгаалалтын бүсийг тэлсэн. Горхи-Тэрэлжийн хувьд мөн адил 55,202 га газраар хамгаалалтын бүсийг тэлсэн байгаа. Цаашид хамгаалалтын бүсэн авсан талбайд газар олгохгүй. Нэгэнт газар аваад, байшин бариад амьдарч буй иргэдийн хувьд эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэгт санал нэг байгаа.
Цаашид БОАЖЯ газар олголт хийхгүй гэдэг байр суурьтай байна. Манай яам байгаль орчноо хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой Төрийн захиргааны төв байгууллага болохоос байгаль орчноо сүйтгэх газар олголтыг хийх ёсгүй гэлээ.