/2022.11.25/: Өнгөрсөн лхагва гарагт Украины зүүн өмнөд хэсэгт орших Вилнянск хотын амаржих газарт Оросууд пуужингийн цохилт өгсний улмаас хоёр хоногтой нярай амиа алджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський уг дайралтыг буруушааж Кремлийг “терроризм, аллага үйлдэхийг оролдсон” гэж буруутгасан бол түүний эхнэр, тэргүүн хатагтай Олена Зеленска уг халдлагыг “галзуурал” гэж нэрлэжээ.
Украины эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн саруудад пуужингийн цохилтод өртөж байгаа бөгөөд ДЭМБ ОХУ-ыг хоёрдугаар сараас хойш эмнэлгийн цогцолбор руу 703 удаа халдлага үйлдсэнийг тогтоосон байна.
"Украины таван хүн тутмын нэг нь эм авахад хүндрэлтэй байна" гэж ДЭМБ-ын Украин дахь төлөөлөгч доктор Жарно Хабихт даваа гарагт мэдэгдсэн юм. "Орост эзлэгдсэн Украины бүс нутгуудад асуудал улам дордож, тэнд гурван хүн тутмын нэг нь нэн шаардлагатай байгаа эмээ ч авч чадахгүй байна. Украйны өвөл хахир хүйтэн болдог мөн одоогийн байдлаар их хэмжээний цас орсон байгаа зэргээс шалтгаалж эрүүл мэндийн системд "аймшигтай сорилт" учирч байна. Энэ хүндрэл цаашид улам гүнзгийрэх болно" гэж тэрээр нэмж хэлэв.
Дээрх асуудал дээр нэмж өнгөрсөн лхагва гарагт ОХУ-аас Киев хотын хойд зүгт орших дэд бүтцийн байгууламж руу пуужингийн хүчтэй дайралт хийснээс болж тус бүс нутагт усан хангамжийг зогсоосон байна.
Украины улсын эрчим хүчний оператор Укренерго хэлэхдээ, Оросын сүүлийн дайралтууд Украины чухал дэд бүтцэд цохилт өгч байгаагаас тус улсын эрчим хүчний хангамжийн ихэнх хэсэг устсан гэв.
Эх сурвалж: CNN