/2022.11.11/: Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзалт хийхээр төлөвлөгдсөн нь Байден ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойшхи анхны биечлэн уулзах уулзалт болж байна.
Уулзалтын үеэр талууд Тайваний асуудлаар хэлэлцэнэ гэсэн таамаг байна. Хүсэн хүлээсэн уулзалт нь хоёр их гүрний харилцаа ид хурцадсан үед болж байна.
Тайваньтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж АНУ компьютерийн чипний нийлүүлэлтийг хязгаарласан юм. Энэ нь гар утаснаас эхлээд цахилгаан машин хүртэл бүх зүйлийг үйлдвэрлэж, борлуулдаг Хятадын экспортод тулгуурласан эдийн засагт хүчтэй нөлөөлсөн юм.
БНХАУ-ын Дарга Ши нь цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс шалтгаалж өнгөрсөн хугацаанд гадаадын орнуудад айлчлал хийгээгүй удсан юм.
Ноён Байден пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр "Бид Тайваний тухай ярилцана... мөн түүнтэй ярилцах үеэр миний юу хүсэж байгаа болон бидний хооронд ямар үл ойлголцох асуудал үүсээд байгаа талаар бид ярилцах болно. Ингэснээр бид бие биетэйгээ зөрчилдөж байгаа эсэхээ тодорхойлж, хэрвээ зөрчилдөж байгаа бол үүнийг хэрхэн шийдвэрлэхээ олох боломжтой болно" гэж тэр хэлэв.
Гэсэн хэдий ч тэрээр АНУ Тайванийн асуудлаар "ямар нэгэн буулт хийх" хүсэлгүй байгаагаа нэмж хэлэв.
Ноён Байден АНУ-ын өмнөх ерөнхийлөгчдөөс ялгаатай нь Хятад улс Тайванийг түрэмгийлсэн тохиолдолд АНУ хамгаална гэж удаа дараа хэлж байсан юм.
Үүний зэрэгцээ ноён Ши Ардын чөлөөлөх армид (ХАЧА) "Дайнд ялахад бүх анхаарлаа төвлөрүүлэхийг" мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн яам АНУ Хятадтай хамтран ажиллаж, үл ойлголцол, буруу дүгнэлт гаргахгүй байх ёстой гэж мэдэгдээд, АНУ-тай энх тайвныг тогтоохыг хүсэж байгаа ч "Тайваний асуудал" нь түүний ашиг сонирхлын гол цөм нь юм гэжээ.
Өнгөрсөн сард болсон Хятадын Коммунист намын их хурал дээр ноён Ши Тайванийн асуудалд Хятад улс "хүч хэрэглэхээс хэзээ ч татгалзахгүй" гэсэн байр суурийг дахин илэрхийлэв.
Эх сурвалж: ВВС