/2022.11.11/ Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 9 дүгээр хуралдаанаар аймгийн ИТХ-ын дэргэд ШӨХТГ-ын орон тооны бус зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч наймдугаар сард аймгуудын ИТХ-ын дарга нарт тухайн орон нутагт өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Үйлдвэрчний эвлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан орон тооны бус зөвлөл байгуулж дэмжлэг үзүүлэн ажиллах талаар санал хүргүүлсэн.
Уг саналын дагуу Орхон аймгийн ИТХ-ын зөвлөл асуудлыг хэлэлцэж улмаар Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ИТХ-ын бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Орхон аймаг дахь танхимын тэргүүн, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Орхон аймаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөл байгуулахаар тогтсон байна.
Уг орон тооны бус зөвлөлийн даргаар ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар Орхон аймаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч Б.Хашчулууныг ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Мөн хуралдаанаас орон тооны бус зөвлөл байгуулах тухай асуудлыг энэ сарын 22-ны өдрийн аймгийн ИТХ-ын 12 дугаар хурлаар хэлэлцүүлж, холбогдох төсөв хөрөнгийг батлуулахаар тогтлоо. Уг зөвлөл нь Орхон аймгийн хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, өрсөлдөөний орчныг бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Одоогоор Увс, Баян-Өлгий аймгуудын ИТХ-ууд дэргэдээ орон тооны бус зөвлөл байгуулан ажиллахаа мэдэгдээд байна.