/2022.11.03/ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонуудын ил зогсоолд байрлуулсан 22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, доторх эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал, хэрэг энэ сарын 2-ны өдрийн 04.00 цагийн орчимд гарсан байна. Улмаар СБД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж тогтоожээ. Ингэхэд уг этгээд нь 20 настай, эрэгтэй “О” гэгч байсан бөгөөд түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж автомашин дотроо бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер зэрэг үнэтэй эд зүйл үлдээхгүй байх, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.