/2022.11.03/: ОХУ, Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын харилцаа холбоо 2022 оны сүүлчийн хагас жилээс хойш амжилттай хөгжиж байна.
ОХУ-ын Спортын яам, БТСУХ-ны 2022-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын хоккейн баг Улаан-Үүд хотноо болсон олон улсын тэмцээнд аравдугаар сарын сүүлчээр амжилттай оролцоод ирлээ.
ОХУ-ын дорнод бүсийн "Золотая Нерпа" олон улсын тэмцээнд нийтдээ 8 багийн 200 орчим өсвөрийн тамирчид өрсөлдөж, U12 насны ангилалын АШТ-ээс Монгол Улсын "Мэргэн" хоккейн академийн "Бамбаруушууд" баг амжилттай оролцоод түүхэндээ анх удаа Хоккейн эх орон ОХУ-аас алтан медаль хүртлээ.
Тэмцээнд Монголын Бамбаруушууд баг, Эрхүү мужийн Юность, Забайкалск хотын Байкал баг, Байгалийн хязгаарын Чита хотын 1 ба 2 дугаар багууд, ОХУ, Улаан-Үүд хотын "IceBars", Буриадын Кабанск аймгийн "Сарман" баг, Эрхүү мужийн "РСШОР" хүүхдийн спортын сургуулийн багууд оролцлоо.
Монголын хоккейн багийн хүүхдүүд маш уран гоё тоглолтуудыг үзүүлж, хурд хүч, техник, гулгалт, тэсвэр тэвчээрээ харуулж, нэг баг болон амжилттай тоглож Монгол улсынхаа төрийн дууллыг ийнхүү эгшиглүүлсэн юм. Монголын "Бамбаруушууд" баг нь нийтдээ 5 тоглолт хийснээс нэг тэнцэж, 4 хожиж, нэг ч хожигдолгүй түрүү байрын шагналыг хүртэж чадлаа.
Өсвөрийн хоккейчдыг “Хас” банк, “Мобиком”, “Mongol Bazalt” компани, Улаан-Үдийн консулын газар, тус хоккейн клубийн эцэг эхчүүд, багш дасгалжуулагч нар нь тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн байна.
Эх сурвалж: БТСУХ