/2021.08.23/
Сүүлийн жилүүдэд нийслэлд газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэх болсон. Нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй дараах хариултыг өглөө.
-Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 60 цамхаг байдаг. Бид 15 цамхгийг нэмж байгуулах гэж байна. Газар хөдлөлтийн гамшгийг цаг минут, он, сар, өдрөөр нь урьдчилан хэмжих техник хэрэгсэл шинжлэх ухаанд одоогоор гараагүй байгаа. Одон орон судлал хөгжиж байгаа учир тодорхой хэмжээний мэдээллийг урьдчилж тооцоолох, уламжлалт арга буюу ан амьтад мэдэрдэг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ мэрэгч амьтан, могой, мэлхий үзэгдэх нь газар хөдлөх дохио гэдэг нь батлагдсан шинжлэх ухаан биш. Тиймээс иргэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд итгэж, худал мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй.