Хүмүүжлийн эерэг арга сургалт өнөөдөр эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүмүүжлийн эерэг арга сургалт өнөөдөр эхэллээ

May be an image of 2 people and people standing

“Хүмүүжлийн эерэг арга”-ыг НҮБ-аас дэлхийн даяар явуулсан Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай судалгааны тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан байдаг. Тус тайланд хүүхдийн эсрэг бие махбод болон бусад гутаан доромжлох шийтгэлийг устгах, мөн эцэг эхчүүдэд хүүхдээ хүчирхийллийн бус аргаар хүмүүжүүлэх хандлагад суралцахад нь дэмжлэг үзүүлэхийг уриалан дуудсан юм.

Хүмүүжлийн эерэг арга нь улс орнуудын үндэсний хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, гэр бүлд суурилсан халамж үйлчилгээ болон үйлчилгээний стандартыг сайжруулах үндэсний бодлогыг хөгжүүлэх, хүүхдийн хүний суурь эрхүүдийг хүлээн зөвшөөрөх болон хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг устгах зорилготой.

“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь-2” төслийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улс дахь Хүүхдийг ивээх сантай хамтран “Хүмүүжлийн эерэг арга” сургалтыг өнөөдөр /2021.08.23/ эхлүүллээ.

Сургалтыг ЗГХА ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг нээлээ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү сургалтад “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хэрэгжсэн нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд, Архангай, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн мэргэжилтэн, нийгмийн ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд оролцогчид болон чиглүүлэгч, зохион байгуулагчдыг албан ёсоор шинжилгээнд хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн хичээллэнэ.

“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2015-2018 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж дууссан. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсанаар тус хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор төслийн 2-р үе шатыг 2018 оны 9-р сараас эхлэн үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд хамтарсан багийг чадавхжуулах, үндэсний сургагч багш бэлтгэх шаталсан сургалтыг зохион байгуулж, хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний болон орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэж, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулсан төдийгүй хамтарсан багийг чадавхжуулах гарын авлагуудыг боловсруулсан. Уг төсөл нь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүд, үүрэг хүлээгчдийн мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.

“Хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн чиглүүлэгч бэлтгэх сургалтад оролцогчид тухайн дүүрэг, орон нутагтаа чиглүүлэгч багшаар ажиллана. Хүмүүжлийн эерэг арга нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ гаргасан зан үйлдлийн цаана ямар бодол, мэдрэмж байгааг олж харахад тусалдаг. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн суралцах үйл явцыг хөхиүлэн дэмждэг хүмүүжүүлэх аргуудыг эцэг эхчүүдэд санал болгодог ба ийм арга барилыг эцэг эхчүүд хэрэглэснээр хүүхдүүдийн зан үйлдэл аажим аажмаар гаднын хяналт нөлөөний улмаас биш өөрсдийнх нь дотоод ухаарал, ойлголт дээр тулгуурладаг болдог.

Хүмүүжлийн эерэг арга нь дараах асуудлуудыг чухалчлан үздэг байна. Үүнд:

• Хүүхдийн хөгжлийн талаарх эцэг эхчүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх

• Хүүхдүүдийн үзэл бодлын талаарх эцэг эхчүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх

• Эцэг эх-хүүхэд хоорондын харилцааг сайжруулах

• Эцэг эх-хүүхэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх

• Эцэг эхчүүдийн асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулах

• Эцэг эхчүүд болон хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж сурах

Эх сурвалж: ГБХЗХГ

ОУ-ын Аравт тэмцээн эхэллээ
ОУ-ын Аравт тэмцээн эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.