616 мянган га талбайд тариалалт хийсний талаас илүү хувь нь улаанбуудай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

616 мянган га талбайд тариалалт хийсний талаас илүү хувь нь улаанбуудай

/2021.08.20/: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат.

Ургац хураалтын бэлтгэл ажил

Энэ жил манай улс 616 мянган га талбайд тариалалт хийсний 385 мянган га нь улаанбуудай.

Ургац хураалтын ажилд бүх шатанд бэлтгээд явж байна. Диллер аж ахуйн нэгжүүд ОХУ болон бусад улсаас ургац хураалтад шаардлагатай 50 гаруй комбайн зэрэг техник оруулж ирж байна. Эдгээр техникүүд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ургац хураалтын түлшний дэмжлэг олгож байна.
Ерөнхийдөө тарианы 70 гаруй хувь нь аарцан болцондоо ороод явж байна. 9-р сарын 15-наас ургац хураалтын ажил эхлээд жигдрээд явна.

Урьдчилан сэргийлэх ажил

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр 8-р сарын сүүлийн 10 хоногийн эхэн болон төгсгөлөөр цочир хүйтрэх төлөвтэй гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс тариаланчид болц дутуу байгаа таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май тавих, мөн төмс, хүнсний ногоог хураах явцад хөлдөж, хайрагдахаас хамгаалах хучлага бэлтгэх зэргээр эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.

Түүнчлэн хөдөө орон нутагт ургац тогтоолтын ажил явагдаж байна. Манай яам, Ургамал, газар тариалангийн хүрээлэн зэрэг байгууллагын нэгдсэн ажлын хэсэг гарч ургац тогтоолт болон эрсдэлийн үнэлгээ хийж байгаа.

Ургац хураалт

Нэг га-аас 12 центнер гээд тооцвол 470 орчим мянган тонн улаанбуудай авна. Манай дотоодын улаанбуудайн хэрэгцээ 300 гаруй мянган тонн гэхээр урьдчилсан байдлаар энэ хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой.

Засгийн газрын 2021 оны 8-р сарын 11-ний өдрийн тогтоолоор ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд дуусгах, цар тахлын үед хүнсний хангамж, нөөц бүрдүүлэх зорилгоор тус ажилд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагчид болон ажил хайж байгаа иргэдийг оролцуулахаар болсон. Энэ тогтоолын хүрээнд ажиллах хүчний захиалгыг аж ахуйн нэгжүүдээс авч нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлж байна. Ургац хураалтад урьдчилсан байдлаар 8000 гаруй ажлын байрны захиалга ирсэн. Энэ тоо бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Химийн хичээлийн материалыг задалсан хүүхдийг хайж байна
Химийн хичээлийн материалыг задалсан хүүхдийг хайж байна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.