/2022.09.19/: Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд ажлын өдрүүдэд 965, амралтын өдрүүдэд 720 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна. Хүн тээврийн ачааллын хувьд өглөө ажил цуглах, үдэш ажил тарах үеэр ихээхэн нэмэгддэг бол өдрийн цагаар ачаалал харьцангуй багасаж байгааг өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр дурдаж байлаа. Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, эмх цэгцтэй болгох зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн газрын зүгээс хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шинэлэг үйлчилгээг эрэлхийлж байгааг тус газрын дарга Ч.Сайханбаяр тодотгож байлаа.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Mood of Mongolia” байгууллагын залуустай хамтран Ард кино театрын автобусны буудал дээр “Цэгцтэй автобусны буудал” туршилтыг явуулжээ. Энэ нь тухайн буудалд зогсож буй автобусыг чиглэл, чиглэлээр нь тусгайлсан баганын дэргэд зогсоож, иргэд тэрхүү баганын дагуу ирсэн дарааллаар эгнэн зогсож, үйлчлүүлэх туршилт байсан. Энэ нь бусад улс орнуудад, тодруулбал БНСУ-д хэрэгжиж үр дүнгээ өгсөн туршилт бөгөөд автобуснууд зөвхөн тэмдэгт газарт зогсох, иргэд эмх замбараатай үйлчлүүлэх боломжийг олгож буй юм. Ингэснээр цаг хэмнэх боломжтойг мөн үеэр дурдаж байлаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн салбарын удирдлагууд, хувийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран тус салбарт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь нягтлан, нэн даруй шийдэх үүрэг өглөө. Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт бүрэн зориулах, ингэснээр автобусны үйлчилгээг сонгох боломжийг олгох гэхчлэн хүйтэн сэрүүний улиралд яаравчлан шийдэх асуудал чамгүй байгааг анхааруулсан юм.
Эх сурвалж: НЗДТГ