Хамтын оффис: Хамтдаа ажиллаж суралцах шинэ эрин
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтын оффис: Хамтдаа ажиллаж суралцах шинэ эрин

/2021.08.20/ Та гэртээ ирэхдээ эхлээд хувцасаа тайлаад гараа угаагаад ганц аяга ус, хэрвээ илүү бүтээлч байя гэвэл аяга кофе балгалдаг даа. Хажуугаар нь намуухан аяз эгшиглээд л...

Яг гэртээ ирж байгаа юм шиг мэдрэмж өгөх ажлын байр, тодруулж хэлбэл ОФФИС Улаанбаатар хотод маань төвхнөөд хоёр жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Арай мэдээгүй юм биш биз?

Моффис нь 2019 оны арван нэгдүгээр сард Мобиком корпорацийн хөрөнгө оруулалт дор бий болсон хамтын оффис юм. Үүд хаалгаа нээж, улаан тууз хайчилсан тэр цагаас хойш даруй 300 гаруй гишүүдтэй хамтран ажиллаж, 25 гарааны бизнес эрхлэгчдийн цааш хөгжих суурийг нь хамтдаа тавилцсан байна.

Хамтын оффисын талаар маш ойлгомжтой нэг өгүүлбэр хэл гэвэл:

Зах зээлд гараад удаагүй байгаа гарааны бизнес эрхлэгчид нэг дор цуглан, өөрсдийн мэддэг зүйлсээ түгээж, бусад байгууллагаас мөн туршлага судалж хамтдаа хөгжих ГЭР нь болж өгдөг газар юм.

Оффисоор ороход найрсаг хамт олон хүлээн авч мэндчилнэ. Өглөөний мэнд. Өдрийн мэнд. Баяртай. Маскаа зүүгээрэй. Гараа ариутгаарай гэх мэт.

Хэдий үүдээр ороход намуухан аяз эгшиглэж тайван мэдрэмж авах ч, оффис руу ороход залуу насны эрч хүчээ тултал нь ашиглаж байгаа шижгэнэсэн залуус өөрсдийн ажлаа чөлөө завгүй, хамгийн гол нь жаргалтай хийж харагдана.

Хамтын оффисын гишүүн байгууллагын нэг болох Hello Baby аппликэйшнийг үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ариунсанаа бидэнтэй уриалгахан ярилцсан юм.

- Моффисыг сонгох шалтгаан тань юу байсан бэ?

- Гарааны бизнесээ хөгжүүлэх гэж байгаа санаа нийлсэн олон залуучууд өдөр бүр шинийг эрэлхийлж, цоглог уур амьсгал бүрдүүлдэг нь, оффистоо гаднаас уулзалт хийхэд нүүр улайхааргүй тохилог орчинтой нь, амттай кофены булантай нь гээд бүх л шалтгаан нь Моффисыг сонгох шалтгаан болсон.

Энэ нь ч Мобиком корпорацийн захирал Тацүяа Хамада Моффисын талаар “Нийгмийн хариуцлагын хүрээнд, залуу бизнес эрхлэгчдийг дэмжих гэж нээсэн” хэмээн хэлсэн нь биеллээ олсон мэт харагдана.

Энгийн үед энэ оффист хөл хөдөлгөөн дуусдаггүй, байнгын уулзалт, хурал болж 70-80 гишүүн байгууллагатай хамтарч ажиллан сардаа тогтмол 2-3 үйл ажиллагаа зохион байгуулдаг байжээ. Цар тахлын аюулт өвчин Монгол оронд хийсч ирэхэд оффис ажилчдад гэрээр ажиллах, хурал цуглааныг гар утасны олон төрлийн аппликэйшн ашиглаж хийдэг болох шаардлага гарсан. Үүнийгээ ч дагаад оффис дахь хөлийн чимээ мэдэгдэхүйц багасч одоогийн байдлаар 30-40 хүнээс бүрдсэн найман байгууллагатай гишүүнчлэн хамтарч ажиллаж байгаа юм. Энэ нь ч нэг талаараа давуу тал болж гишүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэж ширээ хоорондын зайгаа улам холдуулж өгсөн харагдана.

-Монголд олон тооны хамтын оффис байгуулагджээ. Эдгээр байгууллагаас ялгарах давуу тал Моффист байгаа юу?

Менежер Б.Билгүүн:

  • Монголдоо анхлан корпорацийн хөрөнгө оруулалт дор бий болсон оффис гэдгээрээ давуу талтай. Энэ нь хамтран ажиллаж байгаа гишүүн байгууллагуудад салбарынх нь манлайлагч хүмүүстэй холбож уулзуулахад дөхөм байдаг гэсэн үг.
  • Мөн бид нэмэлтээр цахим орчинд гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудалд хариулт өгөх зорилгоор level up tips, зах зээлд тогтворжсон бизнес эрхлэгчдийн туршлагыг хуваалцах, магадгүй шинэ залуу үедээ урам өгөх зорилгоор level up podcast-ийг бэлтгэн хүргэдэг.
  • Гишүүн байгууллагуудтайгаа байнгын холбоотой байхыг эрмэлздэг. Өнгөрсөн жилийн хатуу хөл хориотой үед гарааны бизнес эрхлэгчдийнхээ түрээсийн төлбөрийг хөнгөлж санаа тавьсан. Гишүүд маань ч нэлээдгүй талархаж байгаагаа хэлсэн.
  • Мобиком Корпораци ХХК, Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага JICA Mongolia болон Монгол-Японы төв хамтран ковид-19-өөс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд шийдэл болох бизнес санаа хөгжүүлж буй гарааны бизнесүүдийг дэмжих MONJA хөтөлбөр зарласан. Үүнээс Багшийн туслах, Crowd asset, Зочил технологи, Clinica гэсэн 4 компани шалгараад жилийн хугацаанд хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрийн сүүлийн шат нь есдүгээр сард болох байгаа.

Энэ мэтчилэн хэрэгжүүлдэг ажлаа дурдсан юм. Фэйсбүүк хуудаснаа 96.550 дагагчтай байгаа нь бусад хамтын оффисоос цойлж гарч ирсэн харагдана.

Мөн оффисын дотоод орчныг ажваас өнцөг булан бүрд бүтээлч санааг өдөөж тархийг тань шуурганд автуулахуйц ишлэл зүүлтийг уран бичгээр сийлж өгсөн байгаа нь энгийн хийгээд үнэ цэнтэй харагдсан юм.

Залуус их ажлын дундуур нойрмоглож ажлын бүтээмжээ унагаж яагаад ч болохгүй. Энэ асуудлыг шийдэж өгсөн нүдний хор гаргах хэсэгтэй. Хэрвээ бага зэргийн завсарлага авахыг хүсвэл ном сэтгүүл унших боломжтой уншлагын хэсэг, хамт олноороо тоглох боломжтой Play station, ширээний теннис, ширээний хөл бөмбөгийн төхөөрөмжийг суурилуулж өгсөн нь гэртээ байгаа мэт тухтай мэдрэмжийг тань улам хөглөнө.

Мартах шахаж, үүдээр нь оронгуут кофе үнэртэж байсан гэж дээр дурдсан даа. Энэ кофены үнэрийг сийлж байгаа “уран бүтээлчид” бол мөн л гишүүн байгууллага болох “Улаанбаатар кофе”-ийн залуус юм.

Монголын баг тамирчид Паралимпыг зорилоо
Монголын баг тамирчид Паралимпыг зорилоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.