/2022.09.14/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-НӨАТ-ын сугалаа аравдугаар сараас сугалааны тохирол явагдаж эхэлнэ. НӨАТ-ын сугалаан дээр нэлээдгүй дэвшилттэй ажлууд хийсэн байгаа.
Өмнө нь уншуулсан, уншуулаагүй бүх баримтан дээр сугалаа явагддаг байсан бол одоо зөвхөн уншуулсан, идэвхжүүлсэн баримтан дээр сугалаа явагдана. Иргэд өөрсдийн гар утсаар уншуулсан бүх НӨАТ-ын баримтаа сугалаанд орж байгаа эсэхийг хянах боломжтой. Ингэснээр сугалаа илүү сонирхолтой, ил тод, шударга байдлаар явагдана. НӨАТ-ын сугалаа өөрөө мөн буцаан олголтын нэг хэлбэр. тавдугаар сард НӨАТ-ын сугалааг зогсоосноос иргэд баримт уншуулах тоо 50 хувиар буурсан. Энэ нь цаашлаад төсвийн орлогод ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн дээрээс нь НӨАТ-ын баримт уншуулахгүй, НӨАТ хамрагдалт багасах нь далд эдийн засгийг сэргээх, ил болж байгаа эдийн засгийг буцаагаад далд хэлбэрт оруулах өндөр эрсдэлтэй. НӨАТ-ын сугалааг илүү ил тод, хүртээмжтэй иргэд өөрсдөө бүрэн хянах боломжуудыг нээж өгч байгаа учир иргэдийн НӨАТ хамрагдалт илүү нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.