/2022.09.14/: Говийн Их Дархан Цаазат газрын “A” хэсгийн хамгаалалтын захиргаа 2022 оны есдүгээр сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд Монгол орны нэн ховор амьтан болох Мазаалай баавгай (Ursus arctos gobiensis)-д нэмэлт тэжээл тавьж өгөх зорилготой савыг байршуулжээ.
Мөн мазаалай баавгайн генетикийн мэдээлэл дээр тулгуурлан нийт бодгалийн тоог тодорхойлох зорилгоор үсний дээж цуглуулах мөн уст цэгүүд дээр байрлах автомат камеруудын цуглуулсан дата мэдээллийг хуулж, баттериаг солих ажлыг зохион байгуулсан байна.
Нийт 25 цэгт байрлах 37 тэжээлийн саванд 5640 кг тэжээл хийж, 30 багц үсний дээж цуглуулан, 124 автомат камерын дата мэдээллийг хуулан авч 12 автомат камерын баттериаг сольсон бөгөөд 1700 км замыг туулжээ.
Мөн Баянхонгор аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар, “MAMA” ТББ, Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны санаачилгаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрлах Хуцын шанд хэмээх газарт “МАЗААЛАЙН ТЭЖЭЭЛИЙН АЯГА” нэртэй тэжээлийн сав шинээр байрлуулсан бөгөөд Аялагч Б.Энхлүүн, А.Номинхишиг, Н.Түмэнжаргал нар санхүүжүүлэн “Цагаан зам” авто сервис гүйцэтгэгч байгууллагаар ажилласан юм.
Энэхүү ажлыг зохион байгуулахад шаардагдах 1.000.000 төгрөгийн шатахууныг “Монголын Ланд Круйзер 70 серь” клуб, “Байгалийн гэрэл зурагчид”-ын нийгэмлэг, “Nomadic Beauty”брэнд ивээн тэтгэж, “MAMA” ТББ, “Гоо Мазаалай” ХХК, Австрали улсын иргэн Barry Jiggins нар хамтран оролцож цаашид Мазаалай баавгайн гол байршил нутагт юу юу хийх боломжтойг судлан ажиллалаа.
Уг ажлыг санхүүжүүлэн, хамтран зохион байгуулсан бүх байгууллагууд болон хувь хүмүүст талархаж буйгаа БОАЖЯ-наас илэрхийлжээ.
Эх сурвалж: БОАЖЯ