/2022.09.14/: 2023 онд болох Азийн цомын 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлээд байна.
Азийн цомын тэмцээнд оролцох багуудыг тодорхойлох зорилготой урьдчилсан шатны тоглолтууд нийтдээ 10 хэсэгт хуваагдан зохион байгуулагдаж байгаа юм.
А хэсгийн тоглолтууд Саудын Арабт, Б хэсгийнх Бахрейн, С хэсгийнх Лаост, D хэсгийнх Иордан улсад, Е хэсгийнх Монголд, F хэсэг Индонез, G хэсэг Оман, H хэсэг Кувейт, I хэсгийн тоглолтууд Тажикстан, J хэсэг Кыргызстанд болж байна.
Монгол улсын хувьд өмнө нь насанд хүрэгчид болон U23 хүртэлх насны зэрэг Азийн хөлбөмбөгийн холбооны урьдчилсан шатны олон тоглолтуудыг удаа дараа амжилттай хүлээж авч байсныг үзэгч та бүхэн мэднэ.
Үүнтэй холбоотойгоор Азийн хөлбөмбөгийн холбоо Монголын хөлбөмбөгийн холбооны өмнөх жилүүдийн тэмцээн зохион байгуулалт хангалттай сайн байсныг онцолж, зохих шаардлага хангасан гэж үзэж нэгдүгээр сард Монгол улсыг 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний E хэсгийн тоглолтуудыг хүлээн авах орноор сонгосон юм.
Тэмцээнд орж байгаа бүх холбоод тоглолтуудыг хүлээн авах хүсэлтээ илгээснийг дурьдах хэрэгтэй. Эх орондоо аливаа тэмцээн, тоглолтуудыг хүлээн авах нь талбайн давуу тал төдийгүй үзэгч, фанатуудын хувьд ч онцгой мөч болон үлддэг билээ.
Тэмцээнд Aзийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 47 холбооноос нийт 44 баг оролцож байна. Эцсийн тэмцээнийг зохион байгуулагч Узбекистан шигшээ тэмцээнд автоматаар оролцох эрхийг авсан ч урьдчилсан шатанд оролцож байгаа юм.
Манай улсын хувьд E хэсэгт БНСУ, Малайз, Шри Ланкын багтуудтай багтсан юм. Багууд эцсийн байдлаар бүгд Монгол улсад газардаад байгаа бөгөөд хамгийн эхэнд БНСУ-ын шигшээ баг ирсэн бол өнөө өглөө сүүлийн баг Монголд ирсэн нь Шри Ланк баг байлаа. Өнөөдөр тэмцээний хэвлэлийн бага хурал болж, U20 насны дасгалжуулагчид оролцлоо.
БНСУ-ын шигшээ баг Монголд ирээд эхний өдрөө л МХБХ-ны талбайд анхны бэлтгэлээ хийсэн юм. Тэдний хувьд хэсэгтэй төдийгүй энэ тэмцээний хүрээнд чансаа өндөрт нэрлэгддэг. БНСУ-ын U20 насны баг 2019 онд Украинд болсон 20 хүртэлх насны ДАШТ-д мөнгөн медаль, 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээд Саудын Арабтай тоглож мөнгөн медаль хүртэж байсан юм. Хэвлэлийн бага хуралд БНСУ-ын 20 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ким Юн Жон оролцсон юм.