/2021.08.19/ Сургуулийн гадна хүүхдүүдээ хүлээн зогсох эцэг эхчүүд, тэр бүү хэл шалгалт өгсөн найздаа зориулж баярын фанфар нижгэнүүлэн байгаа залуус, баглаа цэцэг барьсан охид, шалгалтын зөв хариуны талаар мэтгэлцэх элсэгчид нийслэлийн 23 дугаар сургуулийн үүдэнд холхилдоно. Мэдээж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой тул удалгүй өөр өөрийн зүг алхаж одсон юм.
Дээрх элсэгчид Англи хэлний шалгалтаа өгсөн юм. Сонирхуулж хэлэхэд Англи хэлний хичээлийг 24794 бүртгүүлэгч сонгосон.
Энэ жил нийт 8638 өмнөх оны төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа. Тэдний хоёртой нь ярилцаж сэтгэгдлийг нь сонслоо.
Д.Халиунаа 2019 оны төгсөгч. Хэдий тухайн ондоо элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн ч одоогийн сурах мэргэжилд нь Англи хэлний шалгалтын оноо хэрэгтэй болсон тул ахин ЭЕШ өгчээ.
- 2019 он гэхээр цар тахалгүй энгийн үед ЭЕШ өгч байсан юм байна. Тэр үетэйгээ харьцуулахад энэ жилийн шалгалт ялгаатай санагдаж байна уу?
- Бүгд л маск зүүсэн болохоос биш, хичээлдээ бэлдэж ирсэн төгсөгчид хариуцлагатай байна. Нэг ширээнд нэг хүн суугаад халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байна.
- Хугацаа нь хүрэлцэхүйц байсан уу?
- Хугацаандаа хангалттай амжсан. Бусад хүүхдүүд ч гэсэн хугацаанаасаа хэтрэх асуудал гараагүй.
Өөрийгөө "ахмадын золбоо" хэмээсэн Т.Энхбаяр төгссөн оноо хэлээгүй бөгөөд анх удаа ЭЕШ өгч байгаагаа дурдсан юм.
- Элсэлтийн ерөнхий шалгалтыг анх удаагаа өгч байна уу?
- Тийм. Англи хэлний шалгалтыг анх удаагаа өгч байна.
- ЭЕШ-ын жишиг даалгавар дээрх материалтай ойролцоо ирж байна уу?
- Тийм. Гэхдээ яг цагаа тулахаар сандраад миний хувьд буруу зөрүү дугуйлсан асуудал гарсан байх. Энэ жилийн төгсөгчид мундаг байгаа харагдаж байна.
- Хугацаандаа амжиж дууссан уу?
- Хугацаа хангалттай байсан. Бараг 30 минутын өмнө дууссан. Бусад хүүхдүүд ч адилхан харагдаж байсан. Хүүхдүүд дийлэнх хүүхдүүд Англи хэл дээр анхан шатны ойлголттой, мундаг болсон. Бидний хувьд ажилтай, ар гэрийн амьдралтай хүмүүс бий. Тусдаа бэлдэх хугацаа ахиад байсан бол гэж бас бодлоо.
Мөн энэ жилийн төгсөгч н.Бат-Эрдэнэ таарсан юм.
- Элсэлтийн ерөнхий шалгалт өмнө нь бэлдсэн шиг чинь байсан уу?
- Тийм ээ. Олон сар бэлдсэн зүйлээ бататгаж өгсөн болохоор сандрах зүйл байсангүй.
- Ямар хичээлээр шалгалт өгсөн бэ?
- МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухааны сургуульд орох сонирхолтой байгаа учраас фикик, газар зүй, Англи хэлний хичээлээр өгсөн.
- Үлдсэн өдрүүдэд шалгалт өгөх гэж байгаа төгсөгчдөд ямар зөвлөгөө өгөх вэ?
- Сандрах зүйл байхгүй шүү. БҮТ-өөс тавьж байгаа шаардлагыг биелүүлээд очиход асуудал алга. Яахав өглөө гэрээсээ цай ууж гараарай. Шалгалт өгч байхад өлсөөд байвал анхаарал төвлөрөхгүй гэж уншиж байсан.
Маргааш өглөө 10:00-11:40 цагт химийн хичээлийн шалгалт,
13:00-14:20 цагт газар зүй,
16:30-17:50 цагт нийгэм судлалын хичээлийн шалгалттай.
Өнөөдрийн байдлыг ажваас, олон хүүхэд хоцорсон байсан тул бүртгүүлэгч та шалгалтын байранд 20 минутын өмнө ирээд, шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх хэрэгтэй.
Хэрвээ хоцорвол уул хайрхан тахисан ч таныг оруулахгүй, дараа жилийн шалгалтыг хүлээх болно шүү. Амжилт хүсье.