- ҮЗЭЛ БОДОЛ -
Саид Моллай: Олимпоос ирээд 10 хоног зочид буудалд байхад монголын төр засгаас болон Олимпийн хорооноос надтай хэн ч ирж уулзаагүй. Тийм учир би Монгол Улсын Засгийн газарт гомдож байна.
Засгийн газраас гарч байгаа мэдээллүүд: Наймдугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Саид Моллайд 60 сая төгрөгийн урамшуулал олгох болсон.
Хөндлөнгөөс харахад: С.Моллайд Засгийн газраас уламжлал ёсоор буюу хуулийн дагуу 60 сая төгрөг олгох шийдвэрийг гаргажээ. Харин энэ шийдвэрээ түүнд хэн ч танилцуулсангүй. Хөөрхий тамирчин зочид буудалдаа цонхоор ширтсээр 10 хоног болжээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчид “Засгийн газрын шийдвэр бүх хэвлэлээр гарсан” гэв. Монгол хэл мэдэхгүй хүн монголын хэвлэл мэдээллээр энэ талаар гарсныг ч мэдээгүй биз ээ. Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга шиг бүх мэдээллийг шүүж үзэх эрхтэй байсан бол бас ч гэж гүүгл транслэйт ашиглаж болох байсан биз ээ.
Бодоод үзэхэд, Засгийн газрын нэг бие төлөөлөгч очоод "Монгол Улсын төрийн далбааг мандуулж, амжилттай оролцсонд баярлалаа. Ийм шийдвэр гарсан шүү, баяр хүргэе" гээд гар барьчихад болохгүй нь юу байх билээ.
Саид Моллай: М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт байр өгсөн, олон төрлийн бэлэг өгсөн мөртлөө надад юу ч өгөөгүйд харамсаж байна. Тэд хүрэл медаль авсан, харин би мөнгөн медаль авсан шүү дээ. Би олимпод амжилт гаргахын тулд хоёр жилийн турш гэр бүлийнхэндээ цаг зав гаргалгүй бэлтгэл хийсэн.
Төр засгийн удирдлагууд дах жалга довны үзэл: УИХ-ын дарга М.Занданшатар Баянхонгор аймгийнхаа тамирчдыг амжилт гаргасан тул хүлээн авч уулзжээ. Сонирхолтой нь, ийнхүү уулзалт хийхдээ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарыг ч урьсан байх юм. За тэр ч яахав, монголын төр засгийн удирдлагуудад хүртэл гүн бат суусан жалга довны үзлийг монгол хэл мэдэхгүй Моллай ойлгосонгүй. Түүнд яагаад ч ойлгомжтой болохгүй л дээ. Түүнд "ялгаварлан гадуурхагдсан" мэт гомдол төрөх нь аргагүй.
Одоо яах бол: Моллай хэлэхдээ “Монголын ард түмэнд маш их баярлаж байгаа” гэв. Харин одоо нөхцөл байдал түүний бодсоноос шал эсрэгээр эргэх биз. Тун удахгүй сошиалаар дүүрэн “Моллай яах гэж ирээв, нутаг руу нь буцаа” хүртэлх акц явагдаж магадгүй. Алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй монголчуудын зан ямар байдгийг, сошл акцууд хэрхэн явагддагийг хөөрхий "гомдсон Моллайд" тайлбарлаж өгөх сөн.