/2021.08.19/: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/-ийн 4.2.7-д “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтлах”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.4-т “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Хорооны ажлын алба нь 2019 оноос эхлэн үндэсний хэмжээнд Сургагч багшийг үе шаттайгааар бэлтгэж эхлээд байна.
Энэ оны анхан шатны сургагч багш бэлтгэх сургалтад 50 төрийн албан хаагч буюу төрийн байгууллагын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэнг бэлтгэж өнөөдөр түүний төлөөлөл нарт гэрчилгээг гардуулав. Энэхүү сургагч багш нарыг давтан сургах 2 дугаар шатны сургалтыг 2021 оны 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Жендэрийн сургагч багш нь 3 үе шат бүхий сургалтад хамрагдах бөгөөд төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг салбарын түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх чадавх бий болгоход хувь нэмэр оруулах юм.
Өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд 154 сургагч багш бэлтгэгдээд байгаа бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу 2024 онд 180 сургагч багш бэлтгэх зорилтдоо хүрэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Жендерийн үндэсний хороо