“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” өнөөдөр форум болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” өнөөдөр форум болно

/2022.09.05/ Техник технологийн дэвшил нь боловсролын салбарын шинэчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц өгч буй.

Тэгвэл дижитал шилжилтийн талаарх улс орнуудын туршлага солилцох яриа хэлэлцээрийг эхлүүлэхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, НҮБ хамтран энэ сарын 5-6-ны өдрүүдэд "Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022" олон улсын хурлыг цахимаар анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус хуралд НҮБ төрөлжсөн байгууллагууд, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрхэн хэрэгжүүлж, тулгарч буй асуудал сорилтыг хэрхэн даван туулж буй талаар өөр хоорондын туршлага солилцоно. Мөн Монгол Улсын хувьд НҮБ-ийн гишүүн бусад улс орнуудад өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

"Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ" нь дэлхийн болон бүс нутгийн түвшний хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд 2023 онд болох "Ирээдүйн дээд хэмжээний уулзалт"-аар эцэслэн батлагдах "Дэлхийн дижитал гэрээ хэлэлцээний талаарх зөвлөлдөх уулзалт"-ад дижитал ирээдүйн хамтын зарчмуудыг бий болгох зорилготой юм. Энэхүү уулзалтаар,

  • цахим засаглал,
  • цахим хуваагдал,
  • цахим ялгаварлан гадуурхалт,
  • өгөгдөл хамгаалах,
  • хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Тус олон улсын цахим хуралд Бангладеш, Эстони, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали зэрэг олон улсын удирдагчид, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн зэрэг өндөр түвшний илтгэгч, шинжээч, мэргэжилтнүүд оролцоно.

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын тэмдэглэснээр, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд асар их боломж төдийгүй шинэ эрсдэл дагуулж буй технологийн эрин үе ирж байна. Энэхүү "Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ" нь бидний хүсч буй ирээдүйн талаарх үндсэн асуултуудыг хөндөж, шийдэлд урам зориг өгөх, дижитал өөрчлөлтийн үед бид хүүхдүүддээ ямар ертөнц үлдээх гэж байгааг тодорхойлох зорилготой юм.

Хурал англи, монгол хэл дээр болох бөгөөд Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 5-ны өдрийн 15.00 цагт эхэлнэ. "Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ"-нд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлэх боломжтой.

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Тан По Текийг хүлээн авч уулзлаа
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Тан По Текийг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.