/2021.08.19/: Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч асан Дональд Трамп одоогийн ерөнхийлөгч Жо Байдений удирдлага дор Афганистанаас цэргээ гаргасан явдал нь АНУ-ын хувьд хамгийн том доромжлол гэж үзэж байгаагаа мягмар гарагт Fox News сувгийн эфирээр мэдэгджээ.
Трамп хэлэхдээ, энэ бол АНУ-ын хувьд "аймшигтай үе" юм. Миний бодлоор манай улс олон жилийн турш ийм доромжлолыг үзэж байгаагүй юм шиг санагдаж байна" гэжээ.
"Цэрэг армийн ялагдал уу, сэтгэл зүйн ялагдал байсан уу хэлж мэдэхгүй ч өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй" гээд Трамп "Итгэхэд тун хэцүү байна" гэж хэлэв.
"Энэ бол бидний олон улсын харилцаанд олон арван жилийн турш үргэлжлэн нөлөөлөх зүйл" гэж Америкийн удирдагч асан үргэлжлүүлэв. "Энэ бол манай улсын түүхэн дэх хамгийн том доромжлол юм" гэж Трамп дүгнэжээ.
Америкчуудын хувьд эрсдэл
Трамп Афганистаныг орхин гарах гэж буй 40 орчим мянган америкчууд Талибан бүлэглэлийн барьцаанд орох магадлалтай гэж үзэж байна.
"Одоо юу болоод байгааг бодоод үзээрэй. Хамгийн багадаа 40 мянган америкчууд Афганистанд байгаа, Талибууд бол сайн дайчид гэж би сонссон. Бид тэдэнд хэрэгтэй зүйлийг нь өгөх ёстой" гэж тэр хэлэв. Талибанчууд нисэх онгоцны буудлыг бүсэлсэн. Тэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хэн мэдэх билээ. Хэрэв тэд ухаантай бол америкчуудад нисэх зөвшөөрөл өгөх ёстой. "
"Хоёр, гурав, дөрвөн хүн барьцаалагдсан нөхцөл байдал үүсэж байсан. Харин одоо 40 мянган америк хүн байна” гэж Трамп хэлэв. "Бид ийм нөхцөл байдалтай хэзээ ч тулгарч байгаагүй. Барьцаалагдсан байж болзошгүй хүмүүс дор хаяж 11 мянга , гэхдээ энэ нь 40 мянга ч байж магадгүй. Хэр их хүн байгаа болохыг хэн ч мэдэхгүй" гэв.
Мэдээлэл хулгайлах аюул
АНУ Афганистанаас зохион байгуулалтгүйгээр гарсантай холбогдуулан Орос, Хятад хоёр Америкийн орхисон тоног төхөөрөмжид нэвтрэх боломжтой болно гэж Трамп хэлэв.
Тавдугаар сард Stars and Stripes сонинд Америкийн цэргийнхэн Афганистан дахь АНУ, НАТО-гийн цэргийн хүчний хамгийн том байрлал байсан Кандагар мужийн цэргийн нисэх онгоцны буудал дахь баазаа засгийн газрын цэргүүдтэй зохицолгүйгээр яаран орхисон тухай мэдээлсэн. "Би цэргийн бүх техник хэрэгслийг авахыг зорьсон. Бидний цоо шинэ, хэдэн тэрбум долларын өртөг бүхий Blackhawk нисдэг тэрэг тэнд байгаа, одоо Орос, Хятад тэдгээр техникт хүрэх боломжтой болчихлоо" гэж тэр хэлэв.
Дөрөвдүгээр сарын 14-нд Байден Америкийн түүхэн дэх хамгийн урт хугацааны хилийн чанад дахь цэргийн компанит ажил болсон Афганистан дахь цэргийн ажиллагааг зогсоох шийдвэрээ зарласан юм.
Эх сурвалж: tass.ru