Э.Болормаа: Ховд аймагт хөгжих боломж, өөдрөг ирээдүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Болормаа: Ховд аймагт хөгжих боломж, өөдрөг ирээдүй байна

/2022.08.29/: Ховд аймгийн засаг даргын албан тушаалд нэр дэвшигч Э.Болормаагаас Ховд.мн сайтаас ярилцлага авсан байна. Э.Болормаагийн зарим хариултаас албан ёсны эрхтэйгээр буулган хүргэе.

-Та яагаад Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшихээр болсон бэ?
-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Одоо үүнийхээ хэрэгжилтэн дээр намын даалгавар авч, итгэл хүлээлгэж байгаа хүмүүстэйгээ зөвшилцсөний үндсэн дээр нэр дэвшиж байна.

-Засаг даргаар сонгогдвол ажлаа юунаас эхлэх вэ?
-ИТХ-ын дараа Ерөнхий сайд томилдог журмаар явна. Аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлд ажиллана. Энэ бол хоолойд тулсан асуудал. Түүний дараа хөгжлийн асуудлуудад анхаарч ажиллана. Шаардлагатай дэмжлэгийг бусад аймаг, хотоос татаж ажиллах болов уу.

-Та өөрийн хүсэлтээр нэр дэвшихээр болсон уу, эсвэл Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлэхээр ирсэн үү?
-Өөрийн хүсэлтээр. Бид чинь эрх чөлөөтэй оронд амьдардаг хүмүүс шүү дээ. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг би боломж гэж харсан. Надад бас эцэг эхийнхээ нутгийг хөгжүүлэх боломжийг өгсөнд хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр ирсэн.

-Та Засаг даргаар ажиллах ямар туршлагатай хүн бэ? Орон нутгийн нөхцлийг хэр судалсан бэ?
-Миний ажлын туршлагыг түрүүн ярилцсан. Би хөгжлийн бодлогын чиглэлээр магистр зэрэгтэй, эдийн засагч мэргэжилтэй хүн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр нь ажиллаж Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулж ажилласан, одоо бол хэрэгжилтэн дээр ажиллах гэж байна. Засгийн газарт ажиллахаасаа өмнө дандаа хэрэгжилтийн түвшинд олон улсын байгууллагуудад ажиллаж байсан. Монгол гэлтгүй Ази номхон далайн бүсийг хариуцан ажиллаж байсан учир төрөл бүрийн хөгжлийн асуудалтай улс орнуудтай ажиллаж байсан. Манай улсад тулгараад байгаа асуудлууд шийдэлгүй асуудал биш. Бид гаднаас зөв туршлагуудаа ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдлүүдийг Ховд аймагт авчрах боломжтой гэж бодож байна.

-Ховд аймагт анх ирээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Би багадаа Ховд аймагт ирж байсан. Энэ жил гэхэд хоёр ч удаа ирсэн. Ирээд харахад хогны асуудлаа шийдэж чадаагүй нь сэтгэл өвтгөсөн. Ерөнхий сайдтай хамт бүх орон нутгийн томилолтоор нь явж байна. Ингээд харахад Ховд аймгийн түвшинд сайжруулах олон зүйл бий. Хог дээр гэхэд сайн туршлага нэвтрүүлсэн аймгууд байна, заавал гадаадаас туршлага судлах шаардлагагүй. Гэхдээ сэтгэл өвтгөсөн зүйл байгаа ч боломж байна, өөдрөг ирээдүй байна гэж харагдаж байна. Ховдын залуус шинийг сэтгэдэг, зүтгэлтэй залуус юм гэдгийг би TedX дээр ирээд харсан.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.