/2022.8.29/ Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлэв.
Энэ нь Үндсэн хуульд заасан дараах заалтыг зөрчиж буй юм:
2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.
Өөрөөр хэлбэл, Э.Болормааг МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшүүлэх биш харин тухайн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд батламжлан томилох байсан юм.
МАН-ын Удирдах зөвлөл ийнхүү хуулиар хүчирхийлж, орон нутгийнхаа улстөржилтийг ч шийдээгүй атлаа Э.Болормааг нэр дэвшүүлсэн нь багагүй маргаан дэгдээж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шүүмжлэлийн бай болгов.
Э.Болормаагийн хувьд ном журмаараа нэр дэвшиж, Ховдод хүлээн зөвшөөрөгдвөл яах аргагүй хэрэгтэй хүн. Тэрээр орон нутагт хөгжлийн шинэ салхийг хагалж, удтал яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг урагшлуулж, зөвхөн Ховд төдийгүй Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргахад тус болох нэгэн. Ийнхүү батлах нь түүний боловсрол, хичээл зүтгэлд найдсаных.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр суралцан, Төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Хэрэв Э.Болормаа нь сонгогдвол Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй Засаг дарга болно. Өнөөдрийг хүртэл нэг ч аймаг эмэгтэй Засаг даргатай байж үзээгүй. Эрчүүд 21 аймгийн алийг нь ч хөгжүүлээд сүйд болсон зүйл үгүй байхад, яагаад бүх ачааллыг үүрч, идэвх зүтгэлтэй ажиллаж чаддаг эмэгтэй хүнийг сонгож ажиллуулаад үзэж болохгүй байх билээ.
Гагцхүү ном журмаар нь явж, орон нутагт нь эхэлж танилцуулалгүйгээр ийнхүү "Төрийн дээр нам" байгаа мэт аашилсан МАН-ын Удирдах зөвлөл алдаагаа хэрхэн залруулах бол? МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах нь. Тэд өнөөдрийн хуралдаанаараа ямар шийдвэр гаргах нь харин сонирхолтой.
Э.Болормаа: ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ХОВД АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШИХЭЭР ИРСЭН
Нэр дэвшигч Э.Болормаагаас Ховд.мн сайтаас ярилцлага авсан байна. Э.Болормаагийн зарим хариултаас албан ёсны эрхтэйгээр буулган хүргэе.
-Та яагаад Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшихээр болсон бэ?
-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Одоо үүнийхээ хэрэгжилтэн дээр намын даалгавар авч, итгэл хүлээлгэж байгаа хүмүүстэйгээ зөвшилцсөний үндсэн дээр нэр дэвшиж байна.
-Засаг даргаар сонгогдвол ажлаа юунаас эхлэх вэ?
-ИТХ-ын дараа Ерөнхий сайд томилдог журмаар явна. Аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлд ажиллана. Энэ бол хоолойд тулсан асуудал. Түүний дараа хөгжлийн асуудлуудад анхаарч ажиллана. Шаардлагатай дэмжлэгийг бусад аймаг, хотоос татаж ажиллах болов уу.
-Та өөрийн хүсэлтээр нэр дэвшихээр болсон уу, эсвэл Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлэхээр ирсэн үү?
-Өөрийн хүсэлтээр. Бид чинь эрх чөлөөтэй оронд амьдардаг хүмүүс шүү дээ. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг би боломж гэж харсан. Надад бас эцэг эхийнхээ нутгийг хөгжүүлэх боломжийг өгсөнд хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр ирсэн.
-Та Засаг даргаар ажиллах ямар туршлагатай хүн бэ? Орон нутгийн нөхцлийг хэр судалсан бэ?
-Миний ажлын туршлагыг түрүүн ярилцсан. Би хөгжлийн бодлогын чиглэлээр магистр зэрэгтэй, эдийн засагч мэргэжилтэй хүн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр нь ажиллаж Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулж ажилласан, одоо бол хэрэгжилтэн дээр ажиллах гэж байна. Засгийн газарт ажиллахаасаа өмнө дандаа хэрэгжилтийн түвшинд олон улсын байгууллагуудад ажиллаж байсан. Монгол гэлтгүй Ази номхон далайн бүсийг хариуцан ажиллаж байсан учир төрөл бүрийн хөгжлийн асуудалтай улс орнуудтай ажиллаж байсан. Манай улсад тулгараад байгаа асуудлууд шийдэлгүй асуудал биш. Бид гаднаас зөв туршлагуудаа ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдлүүдийг Ховд аймагт авчрах боломжтой гэж бодож байна.
-Ховд аймагт анх ирээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Би багадаа Ховд аймагт ирж байсан. Энэ жил гэхэд хоёр ч удаа ирсэн. Ирээд харахад хогны асуудлаа шийдэж чадаагүй нь сэтгэл өвтгөсөн. Ерөнхий сайдтай хамт бүх орон нутгийн томилолтоор нь явж байна. Ингээд харахад Ховд аймгийн түвшинд сайжруулах олон зүйл бий. Хог дээр гэхэд сайн туршлага нэвтрүүлсэн аймгууд байна, заавал гадаадаас туршлага судлах шаардлагагүй. Гэхдээ сэтгэл өвтгөсөн зүйл байгаа ч боломж байна, өөдрөг ирээдүй байна гэж харагдаж байна. Ховдын залуус шинийг сэтгэдэг, зүтгэлтэй залуус юм гэдгийг би TedX дээр ирээд харсан.