/2022.08.29/: Өнгөрсөн зургаадугаар сарын дунд үеэс хойш Пакистанд хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас 1033 хүн, түүний дотор 348 хүүхэд амиа алдаж, 1527 хүн шархадсан гэж албаныхан ням гарагт мэдэгдэв.
Зөвхөн сүүлийн 24 цагийн дотор 119 хүн нас барж, 71 хүн шархадсан гэж тус улсын гамшгаас хамгаалах үндэсний газраас мэдээллээ.
Наад зах нь 33 сая хүн гамшигт нэрвэгдээд байна гэж Пакистаны Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан сайд Шерри Рехман пүрэв гарагт мэдэгдэв. Тэрээр үерийг "урьд өмнө байгаагүй бөгөөд сүүлийн арван жилд тохиолдож байгаа хамгийн аймшигтай гамшиг" гэж нэрлэжээ.
Тэрээр ялангуяа тус улсын өмнөд хэсэгт үзүүлж буй нөлөөллийг онцолж, тухайн бүсэд хамгийн их тусламжийг үзүүлж байна гэж нэмж хэлэв.
Тус улсын Дотоод хэргийн яам баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ, армийг үерт нэрвэгдсэн бүс нутагт аврах ажиллагаанд туслуулна гэж мэдэгджээ.
Тус яамнаас цэргийнхэн Пакистаны дөрвөн мужийн захиргаа, тэр дундаа хамгийн их хохирол амссан баруун өмнөд нутгийн Белужистан мужид туслах болно гэж мэдэгджээ.
Цэргийн тодорхой тоо, хаана, хэзээ байршуулахыг муж, засгийн газар тогтооно гэж яам мэдэгдэв.
Үүний зэрэгцээ тус улсын хэд хэдэн хэсэгт үерийн аврах төвүүд байгуулагдаж, үерийн гамшигт нэрвэгдэгсдэд тусламжийн бараа цуглуулах, тээвэрлэх, түгээхэд тусалж байна гэж Пакистаны зэвсэгт хүчин мэдэгдэв.
Армийн цэргүүд мөн үерт нэрвэгдсэн хүмүүсийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх, орон байр, хооллох, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тусалж байгаа аж.
Үерийн гамшигт нэрвэгдсэн өмнөд нутгийн Синд муж 1 сая майхан авах хүсэлт гаргасан бол ойролцоох Белужистан муж цахилгаан, хий, интернетээс бүрэн тасарсан бөгөөд 100,000 майхан авах хүсэлт гаргасан байна.
Эх сурвалж: CNN