/2022.08.26/: Сүүлийн хоёр жил цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн завсардаад байсан аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтарсан цэрэг-стратегийн бэлтгэл сургалт Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх сургалтын нээлтэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, хорин нэгэн аймгийн засаг дарга нар оролцоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтарсан цэрэг-стратегийн сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилт, Батлан хамгаалах хууль эрх зүйн шинэчлэлийг орон нутагт гардан зохион байгуулах, орон нутгийн хамгаалалтыг улс орны хэмжээнд зохион байгуулдаг гол хүмүүс бол удирдлагууд та бүхэн байдаг.
Дэлхийн улс орнуудын цэрэг улс төрийн байдал эмзэг, мэдрэмтгий байгаа нь манай орны эдийн засаг, иргэдийн зорчих хөдөлгөөнд тодорхой нөлөө үзүүлж байна. Иймд энэ удаагийн сургалтаар Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагатай холбоотой олон асуудлыг хөндөж, тэр дундаа Аюулгүй байдлыг хангах үндсэн асуудлууд, нөлөөлөх хүчин зүйлс; Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт; Орон нутгийн хамгаалалтын үндэс, удирдлага, зохион байгуулалт; Дайчилгааны үндэс, төлөвлөлт, нутгийн захиргааны байгуулалтын үүрэг зэрэг сэдвээр манай эрдэмтэн багш нар онолын мэдлэг олгоно.
Мөн эдгээр өдрүүдэд 21 аймаг, 9 дүүргийн шилдэг хүүхэд залуусын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй цэрэгжилтийн-спортын “ДӨЛ-2022” тэмцээнд аваргаа тодруулахаар хурд, хүч авхаалж, самбаа, оюун ухаанаа уралдуулж байна. Энэхүү тэмцээн бол хүүхэд, залууст цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх өндөр ач холбогдолтой.
Үүнд БШУЯ, ЕБС-иуд, аймаг, нийслэлийн орон нутгийн удирдлага та бүхэн нарийн зохион байгуулалттайгаар хамтарч ажиллаж байгаад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
Маргааш аймаг, нийслэлийн орон нутгийн удирдлагууд Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж буй “ДӨЛ-2022” тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож, тэмцээний оролцогч хүүхэд залуучууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн хамтаар “Тэрбум мод” төслийн хүрээнд мод тарих юм.
Эх сурвалж: БХЯ