/2022.08.25/: Өнөөдөр Монголын Залуучуудын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрээр:
1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр Монголын залуучуудын байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэй байгуулагдсанаас улбаалан манай улс энэ өдрийг “Залуучуудын өдөр” хэмээн “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-аар 2003 онд хуульчлан тэмдэглэх болсон.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2022 оны Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлсэн. Мөн тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлж, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг зөвхөн залууст төдийгүй, ахмад, дунд үеийнхэнд уриалж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын энэ уриалгыг дэмжихийн зэрэгцээ залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч байгаа. Тиймээс залуучуудын хөгжлийн үндэсний чуулганаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг гарц, шийдлийн хамтаар хэлэлцэж байна.
Цаашид бид суурь болон мэргэжлийн ур чадвар олгох, мөн ажил олгогчийг урамшуулах замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг зорьж, хичээн ажиллах болно.
Эх сурвалж: ХНХЯ