/2022.08.24/: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоотой хамтран BEST хөтөлбөр, Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгтэй “Хувцас үйлдвэрлэлийн салбарын кластерийн хөгжил хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ш.Энхтуул, Оёдлын салбарын нэгдсэн мэргэшсэн холбооны удирдах зөвлөл болон үйлдвэрлэгчид оролцов.
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн есдүгээр зүйлд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний кластерийг дэмжих гэж тусгасан байдаг. Төр, хувцас үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаач, мэргэжлийн холбоод хувцас үйлдвэрлэлийн салбарын кластерын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон “Кластерийн ангилал тогтоох журам”-ын талаар хэлэлцэж, холбогдох саналыг гаргах юм.