/2022.08.24/: “Гэрэгэ Системс” ХХК нь Монгол улсад шинэлэг, дэвшилтэд технологийг нутагшуулах зорилгоор боловсролын салбарын бүртгэл, төлбөр тооцооны “БоловсролМН” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн номын санд шинээр хуваарилагдан ирж буй сурах бичгийг бүртгэх, хариуцсан сургууль руу хуваарилах, тайлан хянах, баркод хэвлэх, сурагчдад түрээсийн сурах бичгийг тараах, төлбөр төлөх үйлдлийг бүрэн агуулсан программын хөгжүүлэлтийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Сурах бичгийг нэг бүрчилсэн бүртгэлийн талаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн номын санчдад зориулсан сургалтыг нийслэлийн 9 дүүргийн номын санчдад 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 5 хоногийн хугацаанд Гэрэгэ системийн байранд, орон нутгийн ЕБС-ийн номын санчдад зориулсан онлайн сургалтыг 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сурах бичгийг нэг бүрчлэн бүртгэснээр бүртгэл мэдээлэл дээд болон дунд, анхан шатандаа нээлттэй ил тод болж, хаана ямар нэрийн сурах бичиг дутагдалтай болон илүүдэлтэй байгаа, түрээсийн сурах бичгийн төлбөр тооцооны хяналтыг улсын хэмжээнд харах бүрэн боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар