/2022.08.24 /УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар, ҮХЦ-ийн тогтоолтой холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Ж.Мөнхбат дарга аа танд мэдлэг ч алга, боловсрол ч алга. Та Сүхбаатарын талбай дээр үстэй дээл өмсөж баахан дөвчигнөсний чинь гор нь ингэж гарч байна. Юмыг битгий туйлшруулж хэтрүүлж байна. Танаас би Үндсэн хуулийн шинжтэй асуулт асууж байхад хариулж чадахгүй юм. Тэгээд байнгын хорооны дарга царайлаад. Монгол Улсын Үндсэн хуулиар оролдож болохгүй ээ нөхөд өө. Ийм жишиг тогтоож хэрхэвч болохгүй. Хамгийн буруу зүйл хийх гэж байна гэв.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Норовын Алтанхуяг гуай та харин Ерөнхий сайд байхдаа чуулганы индэр дээрээс хууль гэж юу юм, хуулийг чинь баримталж яадаг юм гэж хэлж байсан хүн. Би танд Үндсэн хуулийг баримталж үг хэлж байна.
Давхар дээл гэдэг юмыг байж болохгүй, энийг хязгаарлах ёстой гэдгийг ярьж, жагсаал хийж байсан хүмүүсийн нэг нь би мөн. Үүний үр дүнд танай Засгийн газар бас огцорч байсан нь үнэн. Түүнчлэн үүний дагуу Үндсэн хуулинд 4 гишүүн сайд байна гэж оруулсан нь үнэн. Энийг үгүйсгэсэн цэцийн шийдвэр гарсан нь ч үнэн. Ийм л байдалтай байгаа. Танд гэж хэлэхэд "хууль гэж юу байдаг юм, хуулийн дээгүүр гишгэж болдог юм" гэдэг үгийг та хэлж байсан. Одоо харин хууль ойлгож, ухаардаг болсон байна. Баяр хүргэе танд гэлээ.