/2022.08.15/: “Хаадын хаан Чингис хаан” драмчилсан морьт үзүүлбэр нь 60 гаруй сая иргэдэд тоглолтоо хүргэн, үндэсний онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгэн сонгодог жишээ болон хөгжиж байна.
2008 оноос эхлэн БНХАУ болон БНСУ-д аялан тоглолт хийдэг байсан бол энэ зунаас эхлэн дотоодын аялагч, гадаадын жуулчдад зориулж эх орондоо буюу Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар дах “Хаадын хаан морин парк”-д 100 орчим удаагийн давтамжтай тогложээ.
Тус паркын уран бүтээлчид Монгол Улсын түүх, нүүдлийн соёл, уламжлал, ахуй соёлыг Монгол морины онцлог, тоглогчдын ур чадвартай хослуулан дэлхийд сурталчлахдаа нийт 60 гаруй сая иргэдэд тоглолтоо хүргэн, үндэсний онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгэн сонгодог жишээ болон хөгжиж байна.
БОАЖ-ын сайдын шийдвэрээр тус байгууллагын хамт олонд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт бодитой хувь нэмэр оруулж буйг үнэлэн БОАЖ-ийн “Жуух бичиг”, Чингис хаан дүрийн тоглогч Дашзэвэгийн Мөнх-Эрдэнэ, морьтон эмэгтэй Пүрэвсүрэнгийн Энх-Орчлон нарт “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” тэмдэгээр тус тус шагнаж урамшууллаа.
Түүх, соёлыг хослуулсан үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг хувийн хэвшил санаачлагатай хэрэгжүүлж, дотоод, гадаадын жуулчдад сурталчлан сонирхуулах замаар эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж, зөв менежменттэй ажиллаж болохыг тус цогцолборын жишээ харуулж байна.
Эх сурвалж: БОАЖЯ