Францад амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал аравдугаар сарын 17-ны бямба гарагт Парис болон бусад хотод дэлгүүрүүдийг дээрэмдэх, эд хөрөнгө сүйтгэх үйлдлээр өргөжжээ. Францын Худалдаа, түгээлтийн холбооны (FCD) мэдээлснээр, улсын хэмжээнд нийт 1,500 орчим худалдааны цэг энэхүү үймээнд өртсөн байна. Үүнд тансаг зэрэглэлийн брэндүүд болон жижиглэн худалдааны дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагууд багтжээ.
Дэлхийн загварын нийслэл гэгддэг тус улсын хэд хэдэн алдартай худалдааны гудамжинд байрлах дэлгүүрүүдэд жагсагчид нэвтэрч, эвдэрч сүйдсэн бөгөөд ханан дээр нь "Баячуудын татварыг нэм”, “Капитализм хүний амийг сүйтгэдэг”, “Ядуус ч Lacoste өмсдөг” гэх зэрэг уриа үг бичиж үлдээсэн байх аж.
Гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалдаг Sephora улсын хэмжээн дэх ихэнх дэлгүүрээ хаасан бол тус улсын томоохон сүлжээ их дэлгүүр болох Galeries Lafayette-ийн зүгээс "Манай дэлгүүрүүдэд ноцтой хохирол учирлаа” гэжээ.
Энэ талаар Lacoste брэндээс Засгийн газраас арга хэмжээ авахыг шаардан "Энэхүү дээрэм зөвхөн дэлгүүрийн цонх хагарсан тухай асуудал биш. Үүний улмаас ажлын байр, олон жилийн хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, олон мянган ажилтны хичээл зүтгэл эрсдэлд орж байна" гэжээ.
Түүнчлэн Burberry, Dior, Louis Vuitton, Kenzo, Celine зэрэг брэндийн дэлгүүрүүд Парист халдлагын бай болсон. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хотуудад өрнөсөн энэхүү хүчирхийллийн шинжтэй үйлдлийг буруушаан энэхүү үйлдэл буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байна.
Тус улс дахь тансаг зэрэглэлийн брэндүүд нь Францын экспорт, ажлын байр, аялал жуулчлал, татварын орлого болон улсын олон улсын нэр хүндийг дэмждэг эдийн засгийн томоохон салбар. Тиймээс ч жагсагчдын энэхүү үйлдэл улсын хэмжээний томоохон хохирол болон үлдэх өндөр магадлалтай болоод байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.