
Ормузын хоолойд далайн минад өртсөний улмаас тус бүр хоёр сая орчим баррель түүхий нефть тээвэрлэж явсан хоёр нефть тээвэрлэгч хөлөг галд автсан гэж Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус (IRGC) мэдэгджээ.
Ираны албан ёсны IRNA агентлагийн мэдээлснээр, бямба гарагт эхний хөлөг далайн минад өртөж, дэлбэрэлт болсны дараа хүчтэй гал гарсан байна. Харин хоёр дахь хөлөг минад өртсөний улмаас асар том галд автжээ.
Одоогоор хөлгүүдийн нэр болон тээвэрлэж явсан нефтийн гарал үүслийн талаар мэдээлэл тодорхой болоогүй байна.
IRNA агентлагийн мэдээлснээр, уг хоёр хөлөг байршил тогтоох болон радарын системээ унтрааж, Иранаас зөвшөөрөл олгоогүй чиглэлээр нэвтрэхийг оролдсон байна.
IRGC мөн нэг хөлөг АНУ-ын дэмжлэгтэйгээр усан замаар нэвтрэхийг оролдсон бол нөгөө хөлөг хөдөлгөөнгүй болсон гэж мэдэгджээ.
АНУ, Израилийн Ираны эсрэг дайн хоёрдугаар сарын сүүлээр эхэлсний дараа Тегеран Ормузын хоолойд тавих хяналтаа чангатгасан юм. Үүнээс хойш Ираны тал уг хоолойгоор дамжин өнгөрөх бүх хөлөг өөрсдөөс нь зөвшөөрөл авах ёстой гэж шаардах болжээ.
Дайн эхлэхээс өмнө дэлхийн нийт газрын тосны хэрэглээний ойролцоогоор тавны нэг нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг байв.
Энэ долоо хоногт IRGC-ийн Тэнгисийн цэргийн хүчний командлагч, контр-адмирал Али Азмаеи навигацийн системээ унтраасан аливаа хөлгийг “дайсагнагч” гэж үзнэ хэмээн анхааруулжээ.
Үүний зэрэгцээ АНУ Ираны газрын тосны экспортод чиглэсэн далайн сөрөг бүслэлт тогтоосон байна.
Ираны арми өмнө нь пүрэв, баасан гарагт Оманы булан дахь Тегераны “хориглосон бүсэд” хоёр нефть тээвэрлэгч хөлөг шатсан гэж мэдээлж байв. Мөн далайн тээврийн хөдөлгөөнийг хянадаг байгууллагууд баасан гарагт Саудын Арабын эрэг орчмын Персийн булангийн усанд хоёр хөлөг халдлагад өртсөн талаар мэдээлжээ.
Аюулгүй байдлын Vanguard компани, Олон улсын далайн байгууллага болон Их Британийн Далайн худалдааны ажиллагааны байгууллагын (UKMTO) мэдээллээр, өнгөрсөн ням гарагт Ормузын хоолойд болон ойролцоо зургаан хөлөг халдлагад өртсөн байна. Энэ нь дайн эхэлснээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон халдлага болжээ.
Сүүлийн хоёр долоо хоногт уг усан зам орчимд хөлөг онгоцны эсрэг халдлага эрс нэмэгдсэн байна. Иран үүнийг АНУ-ын боомтуудад тавьсан бүслэлт болон өнгөрсөн сард чангатгасан хориг арга хэмжээний эсрэг хариу цохилтоо эрчимжүүлж байгаатай холбон тайлбарлажээ.
Kpler компанийн мэдээллээр, аравдугаар сарын 8-нд Ормузын хоолойгоор 20.8 сая орчим баррель нефть дамжин өнгөрсөн бол аравдугаар сарын 11-нд энэ хэмжээ 2.9 сая баррель болж буурсан байна.
Усан замын тээвэр тасалдаж, газрын тосны нийлүүлэлт буурсан нь дэлхийн эрчим хүчний үнэ болон инфляцыг өсгөхөд нөлөөлжээ.
ТРАМП ИРАНЫ ЭСРЭГ ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХГҮЙ ГЭВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэдгээ ил тод мэдэгдсэн байна.
“Би цөмийн зэвсэг хэрэглэхгүй” гэж тэрбээр пүрэв гарагт Newsmax мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ. Трамп мөн Иранд хуурай замын цэрэг оруулах асуудлыг одоогоор авч үзэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. “Үгүй, тийм зүйл болно гэж би харахгүй байна. Тийм хувилбарыг би төсөөлөхгүй байна” гэж тэрбээр хэлжээ.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч арваннэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулийн дараа дайныг зогсоох хэлэлцээрт хүрнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Al jazeera
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.