
Өчигдрөөс МАН-ын дотоод улс төрд нэгэн далд тэмцэл ил боллоо. Энэ бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой МАН-ын хөгшин кадрууд болох Г.Занданшатар, С.Бямбацогт хоёрын бие биедээ дайсан хэвлэлийн үг байв.
Мартагдах вий гэсэн айдастай Ерөнхий сайд асан Г.Занданшатар аль хэдийн кампанит ажилдаа албан бусаар орсон. Тэрээр “Нэг Монгол” хөдөлгөөн санаачилж эх орноо бүтэн тойрохоос гадна инфлюнсер, олны танилуудыг цуглуулан энд тэндгүй уулзалт зөвлөгөөн хийх болоод байна. Учир нь Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс “Г.Занданшатар бус өөр нэр” гэсэн бор шувуу ниссэнээс хойш мань хүн тогонд цохиулсан юм шиг огцом хөдлөх болсон юм. Түүнд итгэлт анд, улс төрийн гол тулах багана болсон Ерөнхийлөгчийн дэмжлэг нь үгүй болбол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүү хэл мандат ч олдохгүй нь өнгөн дээрх улс төрд тодорхой харагддаг.
Үүнтэй зэрэгцээд ордны цаад улс төрд одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт нэлээн хүч нөлөөтэйгээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байгаа нь эртнээс мэдрэгдэж байв. Тэр дундаа Өдрийн сонинд “МАН-ынхан С.Бямбацогтыгоо дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэж бодож байгаа” гэсэн гарчигтай мэдээ гарсан нь зүгээр нэг тохиолдол бус.
Г.Занданшатар “Нэг монгол” хөдөлгөөний уулзалтынхаа үеэр одоогийн спикерыг “Бүлэглэлийн гар хөлд үйлчилж, аль ч төрд нэр нөлөөтэй гэдэг шиг хүмүүс улсын хамгийн том албан тушаалд ээлжлэн сууж байна” гэхчлэн ширүүлсэн нь МАН дотор Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Батцэцэг нарыг дайруулсан үг гэж хардаж буй хүмүүс бий бололтой. Ямартаа ч айсуй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам МАН-аас нэр дэвших боломжтой дээрх эрхмүүд ил, далд тэмцэлдээ улайрч зарим хэсэгтээ хугацаанаасаа ч өмнө гэрэл цохих магадлал өндөр байгаа аж.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.