
Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, Нийтийн тээврийн автобус зорчуулж эхэлжээ. Тодруулбал, Нисэхийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих юм.
Нийтийн тээврийн автобусыг шуурхай зорчих боломжийг хангах үүднээс зохицуулагдаж байгаа бөгөөд жолооч нарыг Чингисийн өргөн, Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг сануулж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны есдүгээр сарын 30-ний өдрийн А/1338 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг чөлөөлөх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээ авч, хэрэгжүүлэх үүрэг бүхий “Шуурхай штаб”-ыг байгуулсан.
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ хамтран гэрлэн дохионы зохицуулалтыг төвөөс шууд удирдах, шаардлагатай үед хөдөлгөөний урсгалыг шуурхай зохицуулах ажиллагааг хэрэгжүүлж байна гэж Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.