Нөмрөгт түймэр тавьсан ЯПОН иргэд 1-5 жилийн ялаар шийтгүүлэх заалттай
 

Нөмрөгт түймэр тавьсан ЯПОН иргэд 1-5 жилийн ялаар шийтгүүлэх заалттай

Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн гал түймрийг өчигдөр буюу аравдугаар сарын 12-нд цурамд оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой. Үүнд “Мобиком”-ын гүйцэтгэх захирал, Японы иргэн Ясүхиро Очи, захирлын туслах Ашина, бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг, “Мобиком нэтворкс”-ийн захирал Б.Отгончимэг, техникийн албаны захирал А.Даваасүрэн нарын хүмүүс олон машинтай явсан байгаа юм.
Эдгээр албан тушаалтнууд Халхголын хилийн заставыг 4G сүлжээнд холбох, сүлжээний ажиллагааг шалгах, хүлээлгэн өгөх албан ажлын хүрээнд явж байсан гэж "Мобиком" корпораци албан ёсны мэдэгдэлдээ дурдсан. Харин энэ үеэр Тусгай хамгаалалттай газар нутагт автомашинуудтай зорчиж байх үед тэдний хөлөглөж явсан Nissan Patrol (6001 УБӨ) загварын автомашины доод талаас шар өвс шүргэж, хуримтлагдсаны улмаас гал авалцан шатсан гэж таамаглаж байгаа аж.

Дорнод аймгийн Халхгол сум, Цогтсүмбэр багийн нутаг, улсын хилийн дагуу, Халхголын сав газар болон Нөмрөг, Дэгээ голын орчмыг хамардаг бөгөөд нийт 587.7 мянган га гэж тэмдэглэсэн байна. Нөмрөгийн дархан цаазат газарт Хянганы экосистем, Манжуурын гаралтай амьтан, ургамлын аймгийг иж бүрнээр нь хамгаалдаг Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт зүй тогтол бүхий газар.

Гэтэл гадаадын иргэн Монгол Улсын хилээр хууль ёсоор нэвтэрч болох ч хилийн зурвас, хилийн бүсэд нэвтрэх ёсгүй. Энэ тухай Монгол Улсын хилийн тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан байдаг. Өөрөөр хэлбэл заавал тусгай зөвшөөрөл авч хилийн зурвасын ойр орчимд нэвтрэх эрх авна гэсэн үг. Мөн хилийн ойр орчимд тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчиж зорчих, ан агнах, загас барих эрх байхгүй. Гэтэл хилийн ойр бүсэд Япон улсын иргэд зорчиж тэр ч байтугай түймэр дэгдээсэн нь тусгай хамгаалалтын дэглэм алдагдсанд тооцогдох хүнд заалт.
Гадаадын иргэн Монгол Улсад хууль ёсоор нэвтэрсэн байсан ч болгоомжгүй үйлдлээрээ ой, хээрийн түймэр гаргаж, хуульд заасан хэмжээний хохирол учруулсан нь нотлогдвол Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Иргэншил нь өөрөө эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох боломжгүй гэсэн үг.

Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл Ой хээрийн түймэр тавих:

Эрүүгийн хуулийн 24.7.1. Болгоомжгүй үйлдлээр түймэр гаргасан заалтаар хорих ял 1-5 жил байдаг. Өөрөөр хэлбэл Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, эсвэл их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Ингэхээр хилийн бүсэд нэвтэрсэн Япон иргэдийн хариуцлагыг эрүүгийн хуулиар шүүх шаардлага үүснэ гэсэн үг.

Нөмрөгийн түймрийн хохирлыг зөвхөн шатсан өвсний талбайгаар хэмжихгүй. Нөмрөгийн ургамал, ой, хөрсөнд учирсан экологийн хохирол болон тэнд оршин буй ан амьтан зэрэг үй их хэмжээний хохирол яригдана. Түүгээр ч барахгүй түймэр унтраах ажиллагаанд гарсан зардал зэрэг энд учирсан хохирол тоо томшгүй их. Харин зөвхөн хээрийн түймэр унтрах биш түүний дараа учирсан хохирол, тэнд явсан гадаад иргэд, Мобикомын хариуцлагыг ярих нь зүйн биз.

Б.АМИ

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.