
ТӨСӨВ-2027 цуврал сэдэв 3:
10 аймагт хэрэгжих байсан Дулааны цахилгаан станцуудын төсөл
Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу зөвхөн хуримтлалын данс буюу иргэдийн нэрийн дансанд бүртгэгдэх ёстой. Гэтэл энэхүү ногдол ашгийн 2 их наядыг бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон нь эхнээсээ л хууль зөрчсөн үйлдэл. Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчин байж зүтгүүлсээр байгаа 2027 оны төсөвт олны шүүмжлэлийг дагуулсан нэгэн сэдэв бий. Энэ бол Оюутолгойн ногдол ашгийн тодорхой хувиар 10 аймагт дулааны цахилгаан станц барихаар болсон тухай шийдвэр. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д ирэх оны төсөв танилцуулах үеэр уг төслийг хамтад нь оруулж ирсэн нь одоо хүртэл олон нийтийн дунд маргаан дагуулж буй.
Н.Тавинбэх нарын шамшигдуулсан 10 аймгийн Дулааны цахилгаан станцын төсөл
Маргаан дагуулсан энэхүү дулааны цахилгаан станцуудын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Тухайн үед Н.Тавинбэх БНСУ-ын нэр бүхий компанитай хамтран уг төслийг хэрэгжүүлж байсан ч эцэс сүүлд нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдож, гүйцэтгэгч компани нь ажлаа дуусгалгүй усанд хаясан чулуу мэт алга болсон. Н.Тавинбэх нар өдгөө шүүхийн шийдвэр хүлээн хууль хяналтын байгууллагын үүд сахиж суугаа. Гэтэл одоогийн эрх баригчид хэрэг нь ид шүүхийн шатанд яваа 10 аймгийн Дулааны станцын төслүүдийг санхүүжүүлэхээр ирэх оны төсөвт тусгахдаа Оюутолгойн ногдол ашиг руу гар дүрсэн нь сонирхолтой шийдвэр. Хэрэв Н.Учралын Засгийн газар дахиад л Н.Тавинбэх нарын алдаа, хулгайг давтвал иргэдийн ногдол ашиг мөн л үргүй зардал болж, үр дүн, хариуцлага нэхэх хүнгүй үлдэх айдас нийгэмд бий.
Нийт 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй уг төсөл нь тухайн үеийн ханшаар 398.7 тэрбум төгрөг. Одоогийн байдлаар энэхүү буух эзэнгүй, буцах хаяггүй болоод буй цахилгаан станцууд 45-50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хэдийнэ 50 хувьдаа хүрчихсэн цахилгаан станцуудыг бүрэн ашиглалтад оруулахад анхны төсвөөсөө давсан буюу 507 тэрбум төгрөг шаардлагатай болсон нь бүр ч хачирхалтай. Үүнээс 2027 онд 153 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, тэр дундаа иргэдэд очих ёстой байсан ногдол ашгаас гаргана. Нэг ёсондоо Н.Учралын баялгийг тэгш хуваарилах талаар уянгалсан шийдвэр энэ.
Уг нь бид 2025 он гэхэд дулааны 10 цахилгаан станцтай болж, улсаараа дулааны эрчим хүчний тухай асуудалд толгой гашилгахгүй амьдрах ёстой байлаа. Гэтэл бодит байдал дээр дулааны цахилгаан станц ч үгүй, төсвөөс гаргасан мөнгө ч үгүй, ногдол ашиг ч үгүй, дээрээс нь нэмээд энэхүү төсөл хөтөлбөрүүдийг гацааж, халаасаа дүүргэсэн этгээдүүдийн тарьсан "гай"-г иргэдийн хууль ёсоор хүртэх ёстой Оюутолгойн ногдол ашгаар санхүүжүүлэхээр боллоо.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.