
Монгол Улс, Саудын Арабтай газрын тос, байгалийн хий, боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний шинэ технологийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
Өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 12-нд тус улсын Эрчим хүчний сайд хунтайж Абдулазиз бин Салман бин Абдулазиз Монгол Улс, Танзани, Кипр, Маврики улсын төлөөлөлтэй эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх дөрвөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Баримт бичгүүдэд Рияд хотноо аравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх Дэлхийн эрчим хүчний 25 дугаар их хурлын үеэр гарын үсэг зуржээ. Энэ удаагийн хурлыг “Бүх хүнд хүртээмжтэй эрчим хүчний ирээдүйд хүрэх замнал” уриан дор зохион байгуулж байгаа аж.
Газрын тос, хий болон цахилгаан эрчим хүчний салбарт хамтарна
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Саудын Арабын Эрчим хүчний сайд хунтайж Абдулазиз бин Салман нар хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Санамж бичигт дараах чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Үүнд:
- Газрын тос, байгалийн хий болон тэдгээрийн уламжлалт бүтээгдэхүүн;
- Газрын тос боловсруулах үйлдвэрлэл, нефть-химийн үйлдвэрлэл;
- Цахилгаан эрчим хүч, эрчим хүчний сүлжээ хоорондын холболт;
- Сэргээгдэх эрчим хүч;
- Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, эрчим хүч хадгалах технологи;
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах технологи, шийдэл;
- Нүүрстөрөгчийг эргэлтэд оруулах эдийн засгийн шийдлүүд.
Мөн эрчим хүчний салбарт дижитал шилжилт, инновац, кибер аюулгүй байдал болон хиймэл оюун ухааны хэрэглээг хөгжүүлэхээр тусгажээ.
Эх сурвалж: Asharq Al-Awsat
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.